Монголын үрс маш олон болтугай
Олон жилийн өмнө дэлхийн энх тайвны нэрт дуучин Дин Рид манай оронд ирээд, Монголд хамгийн жаргалтай хүн хэн бэ гэвэл би хүүхэд гэж хэлнэ хэмээн хэлж байсан билээ. Хүн амын дунд хүүхдийн эзлэх хувь улам бүр өсч, манай улсыг залуучуудын орон гэдэг болсон. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор 0-14 насны хүүхдийн тоо 758,1 мянгад хүрч, хүн амын дундаж өсөлт 1,8 хувьтай байна.
Маргааш эх үрсийн баярын өдөр. Хэдийгээр бид олон жилийн турш баярын өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн ч гол агуулга нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалахад оршино. Энэ өдөр эх орны өнцөг булан бүрт шинэ үрс мэндэлж байхад олон сурагч багачууд мөнгөн хонхны дуунаар хүүхэд насаа үдэж байдаг. Томчууд ч гэсэн он цагийн чанадаас хүүхэд насны галт тэрэгний зорчигчид болох дуртай.
Монголын төр, засаг хүүхдийн эрхийг хамгаалах талаар дэлхийн олон улс оронтой хөл нийлүүлэн алхаж яваа ч багачуудын нүднээс гунигийн сүүдэр арилж чадаагүй л байна. Насандаа ахадсан амьдралын ачаа үүрч яваа хүүхдүүдийг Нарантуул захаас төдийгүй дунд сургуулийн хичээлийн танхимаас ч харж болно.
Өнөөдөр хүүхдийн асрамж, хамгааллын 42 төвд 1151 хүүхэд бор хоног, шар өдрийг үдэж байгаа нь тэнэмэл хүүхдүүдийнхээс дээр хувь заяа мэт авч эхийн хайр, аавын халамж дутсан хүүхдүүдэд чухамдаа хүүхэд нас гэж бүтнээрээ байдаг юм болов уу. Тэд хүүхэд насаа ийн алгассан бол хүний амьдралд дахиад хэзээ ч олдохгүй. Ингээд бодохоор томчууд бид хүүхэд багачуудынхаа өмнө ямар том үүрэг хариуцлага хүлээх учиртайг төвөггүй ойлгож болно.
Хүүхдийн мөнгийг сар болгон олгож байсан хоёрхон жилд тэдний бор ходоод хагас дутуу ч гэсэн баярлаж байлаа. Харин томчуудын улстөржсөн золиосын харгайгаар “Хүний хөгжил сан”-гийн далбаан дор замхарсан. Уг нь ардчилсан төртэй хөгжилд тэмүүлсэн улс орнууд ирээдүйдээ түлхүү хөрөнгө оруулалт хийдэг юм байна.
Энэ бол НҮБ-ын “Хүүхдийн эрхийн түгээмэл тунхаглал”-д нэгдэн орсноор, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлан гаргаснаар, нэг жил хүүхдийн төлөө “За” гэж хэлснээр хэмжигдэхгүй. Миний өмнө “Хүүхдийн төлөө сан”-гаас 2010-2011 онд хүүхэд хамгааллын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин 482,2 сая төгрөгийн санхүүжилт хийж, олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын төвүүдээр 67487 иргэд, хүүхэд үйлчлүүлсэн гэсэн статистик дүн байна. Эдгээр ажлын үзүүлэлт нь цаагуураа асуудалтай хүүхдүүдийн эмзэг сэдвийн цар хүрээг илтгэж байгаа юм. Өсвөр үеийнхний дуу хоолой, санаа бодлыг сонсох, нийгмийн амьдралд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн бус байгууллагууд хамтран 2004 онд Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ байгуулжээ. Өнөөдөр 1200 орчим хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад 200 мянга гаруй хүүхэд хамрагдаж, нийгмийн амьдралд оролцох идэвх нь дээшилжээ. Монгол Улсын шадар сайдын тушаалаар “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийг ч баталсан байна.
Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн томчууд болно. Та өнөөдөр хүүхдүүдийг хүндэлж байвал нөгөөдөр тэд таныг асарч халамжилна. Ямар ч байсан тэднийг гэр орондоо жаргалтай байлга.
Хүүхдээ тэвэрч үнс, нүд руу нь хараад чин сэтгэлээсээ ярилц.
Хүүхдийн дэргэд худал хэлж, хэрэлдэж муудалцаж болохгүй.
Хамгийн аз жаргалтай үе гэвэл халуун ам бүлээрээ хамтдаа байсан цаг гэж хэлэхээр амьдар.
Хүүхдүүдтэйгээ хамт хоол ундаа идэж бай.
Тэдэнтэй бас тогло.
Гэр бүлээрээ аялж зугаал. Энэ мэт 10 зөвлөгөөг өмнөө тавиад мөрдөхөд томчуудаас мөнгө шаардахгүй.
Монгол Улсын хүн амын хэтийн тооцооны танилцуулгад 2040 он гэхэд манай хүн амын насны бүтэц хөгшрөх хандлагатай болох юм байна. Хүүхдүүдээ хүүхэд насан дээр нь жаргалтай байлгая. Монголын үрс маш олон болтугай.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ