ЕАБХАБ-ын удирдлага манай улсад айлчилна

img

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад /ЕАБХАБ/ гишүүнээр элсэхээр Монгол Улс 2011 оны намар албан ёсоор хүсэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын энэ жилийн дарга О.О'Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нарын төлөөлөгчдийн баг ирэх сарын 3-6-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр ЕАБХАБ-ын даргаИрланд Улсын Байнгын төлөөлөгч О.О'Лири, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нар Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зэрэг албаны хүмүүстэй уулзана. Мөн айлчлалын үеэр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер Стратеги судлалын хүрээлэнд зочилж, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар лекц унших аж. Төлөөлөгчид Монголд хийсэн айлчлалынхаа талаар ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлд тайлагнаж Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэх юм.  ЕАБХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн  нийт 56 гишүүн орныг хамардаг юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ