“Эндо Минорү” сангаас хоёр оюутанд тэтгэлэг гардууллаа
2012-05-31

Японы элчин сайдын яаманд өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүмизү Такэнори, “Эндо Минорү” сангийн төлөөлөл Хиромаса Идэ, Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н..Жанцанноров нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, “Хойт нутгийн хавар” дууны ая бичсэн “Эндо Минорү” сангийн тухай,  ЕБС-ийн сурагчдын дунд явуулж буй япон дууны уралдааны III шатны тухай мэдээлэв. Мөн Монгол улсын их дээд сургуулиудад дуу, хөгжмийн мэргэжлээр суралцагч хоёр оюутанд сургалтын тэтгэлэг гардуулав.   “Индо Минорү” сан нь 1994 онд байгуулагдсан бөгөөд тус сангийн тэргүүн Индо Минорү нь Японы олон сайхан дууны үгийг зохиосон  гэдгээрээ алдаршсан аж. Түүний “Хойд нутгийн хавар” дууг монголчууд төдийгүй дэлхийн улс орнуудад Япон орныг таниулж чаджээ. Тус сан нь зохиогчийн эрхтэй холбоотой орлогоор санхүүждэг бөгөөд Япон улсын соёл урлаг, хөгжмийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа аж. Тус сангаас Монголын соёл урлагийн салбарын ирээдүйн боловсон хүчнээр бэлтгэгдэж буй хоёр оюутныг сонгон ирэх жилийн сургалтын төлбөрийг даахаар болжээ. Энэхүү хоёр оюутныг сурлагын амжилт, идэвхи чармайлтыг нь харгалзан шалгаруулсан гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.  Шалгаруулалтад СУИС болон Хөгжим бүжгийн коллежийн зургаан оюутан оролцож, СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн III дамжаанд их хуурын мэргэжлээр суралцдаг Б.Бат-Ундрах, Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн III  дамжааны оюутан Ч.Нямсайхан нар тэнцэж, өнөөдөр батламжаа авлаа.   Оюутнуудад батламж гардуулсны дараа Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилд зориулан алдарт “Хойд нутгийн хавар” гэх япон дууны уралдааныг ЕБС-ийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү уралдааныг манай талаас “Жанцанноров сан”-гаас хариуцаж байгаа аж. Тус уралдааны шалгаруулалтад 300 гаруй хүүхэд өрсөлдөж, эхний шатнаас 39 хүүхэд шалгарсан аж. Хоёрдугаар шатанд 15 хүүхэд тунаж үлдсэн бөгөөд тэд ирэх сарын 2-нд Монголын хүүхдийн ордонд шилдэг оролцогчоо шалгаруулах гэнэ.  Уралдаанд оролцогч хүүхдүүд нэгдүгээр шатанд “Хойд нутгийн хавар” дууг дуулж өрсөлдсөн юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин