Нэг жил дэлхий тэнхлэгээ бүтэн эргэдгийн адил жирийн өнгөрөх 363 өдөр... Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж, ээжүүд маргаашийнхаа хоолны төлөө юу эсийг хийнэ. Өвөл ч зун ч хаа нэгтээ бяцхан хүүхдүүд сөөнгөтөж, сааралтсан ядруухан хоолойгоор аз жаргалын тухай дуу дуулна. Энэ нь зөрж өнгөрсөн хүмүүсийн нүдэнд тэр бүр үл өртөж, чихэнд сэм сонсогдоно. Хааяахан зурагтаар Монгол хүүхэд дэлхийн тэмцээнд тэргүүлэх байр эзэлсэн тухай мэдээ гарна. Үзсэн хүн бүр түүнд зориулж алга ташин баяр хүргэхгүй.
Дэлхий тэнхлэгээ эргэж байх хооронд ганц тохиох баярт өдөр буюу төрсөн өдөр... Ханилсан эр, нас биед хүрсэн үр хүүхдүүд нь ээждээ зориулан үгийн сайхныг хэлж, үйлийн сайныг бэлэглэн мөнхийн аз жаргал хүсэх ч жилийн нэг өдөр дэндүү богинохон. Хүний үр болон хорвоод мэндэлж жил өгсөн нас нэмэх бяцхан үрсэд харин хүссэнээ авч хүссэнээрээ байх үлгэрийн мэт нэг өдөр. Ээж аав ах эгч нь амтат бялуун дээр насных нь тоогоор лаа асаан бэлэглэж, төрсөн өдрийн дууг зөвхөн түүнд зориулж дуулцгаана. Ээж нь харин баярлан хөөрөх үрээ харж төрүүлсэн өдөр лүүгээ сэм аялан дотроо давхар баярлана.
Дэлхий тэнхлэгээ эргэх хугацаанд дэлхий дээрх бүх хүн эх хүүхдийн зүг харах ганц өдөр буюу өнөөдөр... Амтай бүхэн хүүхдийн төлөө за гэж хэлэн инээмсэглэж, эх хүн бурхан хоёрыг зүйрлэн магтаж шүлэглэцгээнэ. Улаан сарнай, ууттай бэлгүүд зөвхөн эх, үрсийн гар дээр нэг өдөр өнжиж эр хүн бүгд эх, үрсээ цөм нэгэн зэрэг нэг өдөр хайрлацгаана. Дарга нар ээжүүдийг алдаршуулан энгэрт нь одон зүүнэ. Хэн нэгэн сайн санаатан хогийн цэг дээр хүүхдүүдэд бэлэг тараан нэг бүрчлэн үнсэнэ. Энэ өдөр хүн бүр эхийг шүтэж, үрийг хайрлана. Бүгд зөвхөн эх, үрсдээ зориулж алгаа хорстол ташина. Эх, хүүхэд өнөөдөр “моданд орж” байна. Баярлалаа гэдэг үгийг нь бялууртлаа сонссоны хариуд нэг биш өдөр иймээрээ байх өртэй үлдэнэ эрчүүд. Сэтгэлийн өрийг эдийн өр шиг үзэн үл тоомсорловол дараагийн зургаан сарын нэгэн ч хол байна даа хол байна.
Ч.БУУ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ