Баярын өдрөөр “ээж” гомдох ёсгүй
Өнөөдөр хүүхдийн баярын өдөр. Энэ өдөр хүүхдэд бүрийн хүсэн хүлээдэг өдөр гэж хэлж болно. Хайрт аав ээжийнхээ гараас хөтлөөд, хамгийн гоё хувцсаа өмсөөд, хүссэн зүйлээ авахуулж, тоглож, ээж аав, эмээ өвөөдөө ганц сайн эрхэлж авдаг баяр. Гэтэл тэд бас нэг сайн дэггүйтэж авах нь бий. Идсэн зайрмаг, уусан ундааныхаа лааз, савыг хаа сайгүй хаяж, хогийн сав хайх сөхөөгүй явдаг нь үнэн. Энэ хүүхдийн үйлдэлд эх дэлхий минь гомдож явдгийг хүүхдүүд та нар мэдэх үү. Хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах баяр гэж тэмдэглэж байгаа ч өөрийнхөө эрхийг эдэлж байна гээд биднийг тээж яваа эх дэлхийгээ хогоор дүүргэж болохгүй.
Жижиг гэлтгүй хог хаях л юм бол хамгийн хөөрхөн хүүхэд ч хамгийн муухай үлгэрийн баатрын дүрд тоглож байгаа мэт харагдана шүү. Хүүхэд бидний хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кино “Том жерри” дээр гардаг даа. Том муур жерри хулганыг барих гэж араас нь хөөж байхдаа гудамжаар нэг хог тариад хаячихдаг. Гэтэл гэнэт гэрийн эзэн нь гарч ирээд “Энэ бүхнийгээ өөрөө цэвэрлэ” гэж Томыг загнадаг хэсгийг санаж байна уу. Яг л тэр чинь шүү дээ. Хэдийгээр дэлхий ээж минь та нарт зөндөө их гомдож хэлмээр байгаа ч хэлж чадахгүй юм чинь, гомдоод л үлддэг.
Тэгэхээр хүүхэд бид жилд ганц болдог хүүхдийн баярын өдрөөрөө хайрт эх дэлхийгээ ч мөн баярлуулах учиртай байх нь. Аав ээж нар, томчууд бүгдээрээ л “эх дэлхий минь, ногоон дэлхийгээ хайрлая” гэж яриад л байгаа биз, хүүхдүүд бид ч гэсэн юугаараа дутахав. “Баярын өдрөөрөө дэлхийгээ гомдоож болохгүй ээ” гээд хогоо халааслаад яваад байвал ээж аав чинь “Миний хүү том залуу болж байна” гээд баярлана даа.
Ц.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ