Байгаль эхийн “зүрх” цохилохоо больвол яах вэ
Манай улсын хөгжлийн гол түлхүүр бол яах аргагүй уул уурхай буюу ашигт малтмалын хайгуул юм. Тиймдээ ч Монгол улсын баялгын ихэнх хувийг ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын татвараас бүрдүүлдэг. Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлж, уул уурхай, хүнд даацын үйлдвэрийн цогцолборыг байгуулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, Үндэсний язгуур эрх ашиг болон өрсөлдөх чадварыг хангах, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах боломж, нөхцлийг бүрдүүлнэ.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр байгууллагуудын ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг бөгөөд 51:49 харьцаагаар Монгол улсын эзэмшлийн гэгддэг боловч энэ нь үнэндээ нэр төдий юм. Монгол улс гадаад улс орнуудтай ашигт малтмалын гэрээг хийхдээ манай талаас эрдэс баялгын нөөцийг ашиглаж дууссаны дараагаар тухайн бүс нутагт нөхөн сэргээлт хийх заалтыг гэрээ контрактдаа тусгаж өгсөн ч харамсалтай нь тэдгээр заалтууд нь үнэгүйдэж, хууль ёсны дагуу ажилладаг байгууллагууд ч бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Энэ зөрчилтэй асуудлын угшил нь төр барих том хөзрийг атгасан эрх баригчдын хариуцлагагүй, хувиа хичээсэн үзэл бодолтой нягт холбоотой юм.
Судалгаанаас үзвэл уул уурхайн үйлдвэрлэл явагдаж эхэлснээс хойш ойролцоогоор 14565 га газрыг эвдрэлд оруулснаас гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд 1000 гаран га газар өртсөн тойм судалгаа гарсан байдаг. 2008 онд л гэхэд нийт 3386.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч нөхөн сэргээлт хийгдээгүй 10000 орчим га газар байгааг судалгааны үр дүн харуулсан байна. Энэ мэтчилэн бодит судалгаанд үндэслэсэн жишээ баримтууд барагдашгүй учир бүгдийг дурдах нь илүүц байх.
Хичнээн нөхөн сэргээлт хийгээд төрөлх “төрхөнд” нь оруулж чадахгүйгээс хойш сэндийчсэн хөрсийг сул шороогоор /нүглийн нүдийг гурилаар хуурна/ өнгөлөн далдалж байгаа нь экологийн сүйрлийг дагуулаад байна. Хаа саагүй аалзны тор мэт сүлжилдсэн даацын машинууд байгаль эхийн хэвлийг хайр найргүй тэмтчих нь өнөөдрийн монголд хэвийн үзэгдэл болоод байна. Дэлхийн амийг авах гэж улайрагчдаас байгаль эх хэзээ нэгэн цагт хариугаа авах л болно. Тэр үед хүн төрөлхтөн хураасан эд хөрөнгөө бүгдийг нь өгөөд ч нэмэр болохгүй нь ойлгомжтой байхад жинхэнэ баялгаа харийнханд бэлэглэчихээд үхэр монгол царайлаад алт сандайлсан гуйлгачин мэт амьдрах нь бидний хувьд ичгэвтэр...
Ой ч үгүй, ургамал амьтан ч үгүй, уух ус ч үгүй байгаль эхээ тэр чигээр нь залгилчихвал сод бүтээлчид чинь юунаасаа онгод авч үр хойчдоо үлдээх юм. Хүн төрөлхтний түүхийг бичих эцсийн хуудас харанхуй ангал шиг онгорхой байх гэж үү та минь. Байгаль эхийн эд эс бүхэнд хүйтэн мэсээр далайж “түүний” зүрхэнд хүрвэл ямар аюул ирэхийг оюун ухаант амьтан та тунгааж үзсэн үү...
Э.Уянгаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ