ЕАБХАБ-ын удирдлагууд Монголд айлчилна

img

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн  нийт 56 гишүүн орныг хамардаг аж. Тус байгууллагын гишүүнээр элсэхээр Монгол Улс 2011 оны намар албан ёсоор хүсэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын энэ жилийн дарга, Ирланд Улсын байнгын төлөөлөгч О.О'Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нараар тэргүүлүүлсэн, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчдийн баг энэ сарын 3-6-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийхээр болжээ.   Айлчлалын үеэр ЕАБХАБ-ын дарга Ирланд Улсын байнгын төлөөлөгч О.О'Лири, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нар Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, ГХ-ны сайд Г.Занданшатар, БХ-ын сайд Ж.Энхбаяр, АБГББХ-ны дарга Э.Мөнх-Очир зэрэг албаны хүмүүстэй уулзана. Төлөөлөгчдийн бусад гишүүд манай зарим яамд, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж зарим мэдээлэл авахаар төлөвлөж байгаа аж.   Мөн айлчлалын үеэр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер Стратеги судлалын хүрээлэнд зочилж, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар лекц уншина. Төлөөлөгчид Монголд хийсэн айлчлалынхаа талаар ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлд тайлагнаж Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэх юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ