Ц.Хулан Болор цомын эзэн боллоо

img

“Болор цом-28” наадам Дархан хотод  болж өнгөрлөө. Тус  наадам анх 1983 онд зохион байгуулагдаж,Хөдөлмөрийн баатар,  Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд дуулгах шүлэг”-ээрээ  түрүүлж байв. Түүнээс хойш 28 дахь удаагаа болж байгаа нь энэ. “Болор цом-28” наадам гурван шаттай зохион байгуулагдаж,  нийт 56 найрагч шүлгээ уншлаа. Хоёрдугаар шатанд 20 найрагч үлдсэн. Тэднээс сүүлчийн шатанд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Гантулга,   “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан, Ж.Мөнхбат,А.Эрдэнэ-Очир, Т.Зөнбилэг, Ц.Цэнд-Аюуш  нар  үлдэж, шүлгээ  уралдуулсан. Тэднээс Ц.Хулан түрүүлж,  М.Уянсүх аман хүзүүдэж, гуравдугаар байрыг Н.Гантулга,  А.Эрдэнэ-Очир, Ж.Мөнхбат нар тусгай шагнал хүртлээ. Яруу найрагч Ц.Хулан  өмнө нь  “Ганцхан ижийдээ унших шүлэг”-ээр  1994 онд “Болор цом”  хүртэж байсан бол энэ жил хоёр дахь удаагаа авч байгаа юм. “Болор цом-28” наадмыг   Ардын уран зохиолч Т.Галсан ерөнхийлөн шүүж, шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, утга зохиолын судлаач, шүүмжлэгч  Ч.Билэгсайхан, Л.Хүрэлбаатар, Төрийн шагналт зохиолч Д.Норов, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Норовсамбуу  нар багтсан байна. О.Нэргүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ