Бекхэм: 100-тын клубын гишүүн

img

Бямба гаригт "Уэмбли"-д болсон Англи-Бельгийн нөхөрсөг тоглолтын завсарлагаар Английн шигшээд 100-гаас дээш тоглолт хийсэн эрхмүүдийг урамшуулав. Алтан үеийн алдарт Бобби Чарльтон (106 тоглолт), 20 жил тасралтгүй Английн хаалга манасан Питер Шилтон (125 тоглолт), өнөө цагийн супер од Дэвид Бекхэм (115 тоглолт) нар өөрийн биеэр Европийн хөлбөмбөгийн холбооноос олгож буй тусгай шагналыг гардан авчээ. Харин 1966 оны дэлхийн аваргын цомыг багийн ахлагчийн хувиар анх өргөсөн Бобби Мур (108 тоглолт)-ынхыг түүний бэлэвсэн эхнэр Стефани Мур, 1946-1959 оны үеийн багийн ахлагч Билли Райт (105 тоглолт)-ын шагналыг охин Бабетт Райт нар нь хүлээн авсан байна. Талбайн эзэд 1:0-ээр давамгайлсан тоглолтын цорын ганц гоолыг залуу довтлогч Данни Уэлбек 37 дахь минутад оруулжээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ