“Рrosounds” студийн захирал, СТА, поп дива дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа
-Эх үрсийн баярт зориулсан тоглолтынхоо орлогоор хүүхэд багачуудад сувилал барьж өгнө гэж байсан даа. Энэ ажлаа хэзээнээс эхлэх вэ?
-Миний хувьд хоёр дахь жилдээ хүүхдийн баяраар тололтоо хийх гэж байна. Өнгөрсөн жил “Хүүхэд насны дурсамж”нэртэй тоглолт хийж байсан. Энэхүү тоглолтонд хүүхдийн ордны багш Ганчимэг өөрийнхөө зохиосон “Хүүхэд насны дурсамж”, “Аз жаргалтай хүүхэд нас” гэх мэт дуунуудаа дуулах боломжийг олгосон. Энэ жилийн тоглолтоос олсон орлогоороо хүүхдийн сувилал барьж байгуулахаар болсон. Би өөрөө Налайхаас төрсөн уран бүтээлч. Тэр ч үүднээсээ Налайхийн засаг даргад сувилал барих газраа захичихсан./инээв/ Хүүхдэд зориулж байгаа болохоор агаараас эхлээд бүх л зүйл нь сайхан байх хэрэгтэй. Тиймээс засмал замаар төвөггүй яваад очих агаар сайтай газар байх хэрэгтэй л дээ. Сүүлийн үед бага насны хүүхдүүд, дөнгөж төрж байгаа нярай янз бүрийн эмгэг өвчлөлтэй байна. Энэ бүхнийг харж суухад эх хүныхээ хувьд эмзэглэж суудаг. Миний энэ сувилал байгуулах ажил энэ жилдээ хийгдээд дуусахгүй эцэг эхчүүдэд санал байвал надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Энэхүү ажлыг минь гэр бүлийнхэн найз нөхөд дэмжиж байгаа учраас энэ ажлыг заавал хийх ёстой. Олон хүний итгэл найдварыг алдаж болохгүй л дээ.
-Та уран бүтээл хийгээд нилээдгүй жил болчихлоо?
-Уран бүтээл хийгээд 20 гаруй жил болчихжээ. Цаг хугацаа хурдан өнгөрч, нас ч явсан байна. Тэгэхээр нийгэм рүү хандсан ажил хийх ёстой гэдэг бодол төрөөд байгаа. Ер нь урлаг соёлынхон нийгэм рүү хандсан гэрэл гэгээтэй ажлуудыг хийж байх ёстой.
-Таны хувцасны сонголтыг их гял цял, хэт содон гэж шүүмжлэх хүн байдаг л даа. Харин таны бодлоор?
-Зарим нэгэн хүмүүс тэгж ярьж шүүмжилж л байдаг. Гэхдээ би хэн нэгэнд таалагдах гэж хувцасладаггүй. Өөртөө таалагдсан хувцсаа л өмсдөг. Гялгар өнгөлөг хувцасласан хүн их энергитэй байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Надтай уулзаад гарсан хүмүүсээс чи их энергитэй шүү гэж магтдаг юм.
- Та хэр шүтлэгтэй вэ?
-Би чинь энгийн л хүмүүстэй адилхан хүн шүү дээ. Тэгэхээр хаяа ажил төрөл бүтэхгүй бол Гандан орж ном уншуулах, лам багшдаа мөргөхөөр явдаг. Өөрийн гэсэн нэг лам багштай, ажил үйлсээ даатгаад л явж байна.
-Бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ. Уран бүтээлээсээ завсарлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө шүү дээ?
-Энэ намар өөрийн бие даасан томоохон тоглолт хийнэ гэдэг төлөвлөгөө байна. Одоогоор тоглолтынхоо нэрийг хараахан өгөөгүй байна. Эхний ээлжинд Хүүхдийн баяраар хийх тоглолтоо хийлээ. Тоглолт амжилттай болсон одоо л өөрийнхөө тоглолтын бэлтгэлдээ орно доо. Одоогоос таван жилийн өмнө 2007 онд “Нисэж ирсэн дурлал” тоглолтоо хийж байсан санагдана. Тэгэхээр цаг хугацаа их хурдан явж байгаа биз.
-Дуучныхаа ажлын хажуугаар хувийн бизнес хийж байгаа гэдэг?
-Хувцасны дэлгүүр ажлуулж байгаад больсон. Уран бүтээлч хүн хэзээ ч бизнес хийж чадахгүй юм билээ. Бизнесийг хийдэг хүн ухаан их зарна. Их хөдөлмөр зарцуулж, чанга хатуу өршөөлгүй болдог юм билээ. Тэр ч утгаараа гэр бүлийн маань хүн уран бүтээлч хүн уран бүтээлээ л хийх ёстой гэдэг хатуухан шүүмжилсэн л дээ. Мөн өнгөрсөн жил “МН-25” телевизээс зохион байгуулсан “Маking the band” реалити шоуны гарсан “Extacy” охидын хамтлагийн продюсерээр ажилласан. Хүүхдийн баярын дараа Extacy” хамтлагийн хоёр шинэ дуу үзэгчдын хүртээл болно. Залуу үеэ бэлдэж өгнө гэдэг муу зүйл биш шүү дээ. Нэг хэсэг Алтаа мөрөөрөө дуугаа дуулаад л явахгүй дээ гэдэг шүүмжлэлүүд нилээн гарсан. Гэхдээ ажил хийж нэгнээ дэмжихийн оронд элдвээр хэлдэг тэр хүмүүс өөрсдөө ямар нэг юм хийгээд үзээч ээ. Тэгээд дараа нь хүнийг муулж болно. Хамтлагийн охидын хувьд одоохондоо залуу байна цаашаа илүү их зүйлийг сурч мэдэх шаардлагатай. Энэ бүхэнд цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр продюссерээ ч хийж, сувилал барихаа ч орхихгүй бүхнийг амжуулна даа. Залуу хүн одоо л хийхгүй бол хэзээ хийх билээ.
-Таны мөрөөдөж байсан залуу нөхөр чинь мөн үү?
-“Эр хүн нүдээрээ харж дурладаг,эмэгтэй хүн чихээрээ сонсож дурладаг” гэдэг дээ. Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй .Нэг нэгнийхээ зөв талыг дэмжиж, бурууг нь засч, залруулж амьдрах нь амьдралын гол утга учир байх. Хайрлаж амьдрана гэдэг сайхан. Бие биедээ итгэж ,нэг нэгнээ ойлгож амьдрана гэдэг хамгийн чухал. Яг ийм залуутай сууна гэж бодож яваагүй ч гэр бүл болоод 16 жил болчихсон байна. Бид хоёрын танилцсан түүх их энгийн. Дөнгөж сургуулиа төгсчихөөд бааранд дуулдаг байлаа. Миний ард охидын бүжгийн хамтлаг бүжиглэдэг байсан. Тэгсэн нэг өдөр манай бүжгийн хамтлагийн охин Алтаа эгчээ манай баранд өдөр бүр манай тоглолтыг үздэг нэг ах байна. Тэр ах таныг асуугаад байнаа, та танилцаач гэдэг юм байна. Тэгээд л танилцсан. Анх харахад энгийн нэг өндөр, биерхүү залуу байж билээ. Танилцаад удаагзүй бид хоёр нэг гэрт орж хамтийн амьдралаа эхлүүлж байсан.Тэгээд нэг их удаагүй, намайг гэрийнхэнтэйгээ танилцуулна гэдэг юм байна. Би ер нь их гял цал хувцасладаг. Тэгсэн хадмындаа очдог өдөр хүйсээ ил гаргасан хувцас өмсөөд л, тэр үед үс маань шав шар өнгөтэй байлаа. Манай нөхөр чинь их даруухан тэгсэн эмээ нь намайг харчихаад энэ хүн чамд хань болохгүй ээ. Юу хийдэг хүн юм бэ гэж асуухад нь дуучин бааранд дуулдаг гэж хэлсэн гэдэг. Хурим найраа хийгээгүй ч нэг гэрт ороод 16-н жил болж дээ. Одоо манайх хоёр хүүхэдтэй. Өнөр отгон гэр бүл. Үр хүүхэд айл гэрийн аз жаргалтай байх үндэс юм уу даа. Хүү охинтой болчихоод аав ээжийн хайрыг мэдэрч байсан тэр мөч бидний амьдралын мартагдашгүй сайхан үе юм даа. Ээж болсноосооо хойш их өөрчлөгдсөн. Алтаагийн өмнө нь хүсэж байсан мөрөөдөл, амьдралын тэмүүлэл одоо үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чиглэж байна. Эмэгтэй хүний тэр дундаа эх хүний үүрэг, хариуцлага ямар өндөр байдгийг сайн мэдэрсэн шүү.
-Нөхрийг тань дуу цөөтэй, даруухан зантай гэж хүмүүс ярьдаг юм билээ. Нууц биш бол сэтгэлийг тань яаж татсан бэ?
-Манай гэр бүлийн хүнийг Г.Сүхбуян гэдэг. Намайг ухаалаг,хөдөлмөрч зангаараа татаж чадсан хүн дээ. Завгүй ажлыг маань ойлгон, зовлон жаргалыг хамтдаа хуваалцаж яваа ханийхаа сайхан сэтгэлд баярладаг. Урлагийн хүний ар тал байна гэдэг амаргүй. Тэвчээр их шаарддаг. Намайг ямар ч үед хайр,халамжаар дутааж байгаагүй. Үргэлж үглээд байхгүй ч хааяа жинтэйхэн үг хэлчихдэг. Би нөхрөө бодвол нээлттэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэлсэн үг нь тухайн үед хатуу санагддаг ч эргээд бодоход миний сайн сайхны төлөө зөв үг хэлсэн байдаг. Ангийнх нь багш нэг удаа надад “Сүхээ бизнес хөөгөөгүй бол эрдэмтэн болох залуу байсан юм даа” гэж хэлж байсан. Хань маань хайртай гэдгээ үгээр илэрхийлэхээс илүү үйлдлээрээ харуулж чаддаг. Хүүхдүүдээ хайрлаад харж байгаа харц нь хүртэл надад сайхан санагддаг шүү.
-Хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөж авах хүүхэд байгаа уу?
-Манай охин л дуучин болж магадгүй. Одоо гурван настай гэхэд хөгжмийн нарийн мэдрэмжтэй. Бүжгийн авъяастай гээд л миний мэргэжлийг авч магадгүй л дээ.
-Уран бүтээлч хүнд гэртэй гаргах цаг хугацаа тун ховор байдаг. Дуучин Алтанцэцэг хэр халамжтай гэрийн эзэгтэй вэ?
-Өө, гэрийн ажилд тааруухан гэдгээ нуухгүй ээ. Би зарим бүсгүй шиг гэр бүлдээ анхаарал тавиад, үргэлж халамжлаад байж чаддаггүй л дээ. Ажил хөөцөлдөхөөр өглөө эрт гэрээсээ гарч орой гэрийн бараа хардаг. Надад амрах өдөр тун ховор. Өнөө цагийн эмэгтэйчүүдэд гэрийн мухар сахисан ажил хэзээ ч зохихгүй. Бидний амьдарч буй нийгэм асар хурдацтай хөгжиж байна. Амьдрах орчин маань хүртэл хөдөлгөөнтэй, завгүй ажиллахыг шаардаж байна шүү дээ. Завгүй гүйдэг ч би гэрээ цэмцгэр, гэр бүлээ сэтгэл тайван, халуун дулаан уур амьсгалтай байлгаж чаддаг. Эмэгтэй хүн тэвчээртэй, ухаантай, хүлээцтэй, санаачилгатай байх хэрэгтэй. Үр хүүхдийнхээ боловсролд анхаарч нөхрийнхөө олж ирсэн мөнгийг зөв зохистой зарцуулах гээд л олон зүйл ярьж болно л доо. Уран бүтээлч хүн тэр бүр гэртээ байгаад байх боломж ховор ч хаяа гэртээ амрахаараа гарын хоолоо хийж гар бүлээрээ амрахыг бодож явдаг. Харин хэрхэн утга учиртай болгож амьдарснаас л бүх зүйл шалтгаалдаг. Би эмэгтэй хүн цэцэг шиг амьдрах ёстой гэж хэлэх дуртай. Тиймдээ ч тэр гэрийн бүх л зүйл эхнэрээс бүрэн хамаарч байдаг.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ