Зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрт гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад харилцаа, Худалдааны сайд Ким Сун Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны ажлын айлчлал хийсэн билээ. Энэ үеэр сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сун Хвантай албан ёсны хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улс, БНСУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа, хоёр орны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр орны хоорондын агаарын харилцаанд олон тээвэрлэгчийг оруулах, агаарын харилцааг либералчлах талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохирсон байна. Түүнчлэн иргэд харилцан зорчих нөхцлийг алхам алхмаар сайжруулсаар иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ бодлогын хүрээнд эхний ээлжинд иргэдийг визийн хураамжаас чөлөөлөх, олон удаагийн визийн горимд шилжих тухай хэлэлцээр байгуулж байгаа нь чухал болохыг тэмдэглэжээ. Мөн зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт сайд Г.Занданшатар, Ким Сун Хван нар гарын үсэг зурсан байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ