
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын энэ жилийн дарга Ирланд улсын Байнгын төлөөлөгч О.О.Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нарын тэргүүлсэн ЕАБХАБ-ын удирдлага, төлөөлөгчдийн баг манай улсад ажлын айлчлал хийж байна.
Тус байгууллагын дарга Ирланд улсын Байнгын төлөөлөгч О.О.Лири, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нар Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, тус байгууллагад элсэх тухай манай улсын хүсэлтийн талаар талууд дэлгэрэнгүй санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан.
Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс ЕАБХАБ-д элсэх хүсэлт тавьсан нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэж байгааг дурьдаад, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд тус байгууллагатай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн Ази, түүний дотор Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцох зорилгын хүрээнд 30 орчим оронтой хамтран ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээлэв.
Төлөөлөгчид Монголд хийсэн айлчлалынхаа талаар ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлд тайлагнаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэх юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ