“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн тойм
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Боловсролын болон Бага, дунд боловсролын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэллээ. Дээрх хуулиудад боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь ямар чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг эрхлэх, Боловсролын үнэлгээний байгууллагын чиг үүрэг ямар байх, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургууль түүнчлэн гадаадын хөрөнгө орууллаттай сургууль, цэцэрлэгийг байгуулах тусгай зөвшөөрлийг ямар байгууллага олгох, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг ямар байгууллага боловсруулж, батлах, өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, түүнийг зарцуулах, тайлагнах, сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг ямар байгууллага батлах зэрэг асуудлыг хуульчилж өгсөн байна. Мөн бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлэн гэж өөрчлөн найруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилж, чөлөөлсөн байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, 2012 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг, Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан шууд гэрээ байгуулан худалдан авах эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор тус тус баталжээ. Эдгээр жагсаалтыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ.
Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг болон зарим албан тушаалын цалингийн жишгийг хэрхэн шинэчлэн тогтоосон тухай мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой.
Мөн дугаарт нийтлэгдсэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35.000 (гучин таван мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140.300 (нэг зуун дөчин мянга гурван зуун) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105.200 (нэг зуун таван мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 70.000 (далан мянган) төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 103.600 (нэг зуун гурван мянга зургаан зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна.Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 40.000 (дөчин мянган) төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 48.000 (дөчин найман мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Орон сууцны санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулах тухай, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан тогтоол болон Ажлын хэсэг байгуулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг тус тус нийтлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ