Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар болов
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, Япон Улсын Ерөнхий сайд Нода Ёшихико нар 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Токио хотноо хэлэлцээ хийх үеэр тус хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалтын нээлт 2012 оны 6 дугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болов. Хэлэлцээг нээж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар үг хэлэв.
Албан ёсны хэлэлцээнд оролцож буй Японы төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны орлогч сайд Шиничи Нишимия, Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд В. Энхболд нар тус тус ахалж байна. Хоёр тал бараа болон үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн үйл ажиллагааны журам, хөрөнгө оруулалт, оюуны өмч, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, бизнесийн орчинг сайжруулах, худалдаан дахь техникийн хориг саад болон хорио цээр, ургамлын хорио цээр зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийнэ. Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалт 2012 оны 6 дугаар сарын 4-ний даваа гаригаас 7-ны пүрэв гариг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй Монгол, Японы хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно. Япон улс ийм төрлийн хэлэлцээг 14 оронтой байгуулсан ба Монгол улсын хувьд анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээ эхлүүлж байна.Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ