Ц.Мөнхсоёл: Хань минь уран бүтээлийг маань дэмждэг ч гэсэн ээжийг минь яаж гүйцэхэв
“Хонгор охин үр минь”, “Аавдаа очмоор болох юм аа”, “Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь” зэрэг дуунуудаараа олны сонорыг мялаасан МУСТА Дуучин Цагаандалайн Мөнхсоёлтой ярилцсан юм.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа уншигчидтайгаа хуваалцахгүй юу? -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Нууцхан чамдаа” дууны клип байлаа. Энэ клип ээ “Намир” студиэр хийлгэсэн. Би энэ дуугаа олны сонсох дуртай дуу болно гэдэгт итгэлтэй байсан. Шинэ дууг маань олон хүний сонсох дуртай дуу болсонд баяртай байгаа. Ер нь ганц хоёр сонсоод аманд аяллагддаг дуу их ховор байдаг. Мэдээж энэ миний сайных биш, харин дууны маань үг ая сайн учраас л гэж боддог.
-Өөрөө анхныхаа цомыг хэдэн онд гаргаж байлаа. Уран санд чинь одоо хэдэн дуу байна? Анхны цомгоо 2007 онд гаргаж байсан. Бие даасан тоглолтоо 2008 онд хийсэн. Одоо урын сандаа 40 гаруй дуутай. Ер нь эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусам чамин гэдэг дээ. Тийм болохоор би цомогтоо цөөхөн чанартай уран бүтээл хийхийг зорьдог. Ер нь нуршсан зүйлд дургүй. Харин 2009 оноос хойш жилийн хугацаанд чимээгүй байлаа. Энэ хугацаанд амарсан гэж хэлж болохгүй байх. Би дандаа аав ээжийн тухай дуу дуулдаг байсан. Энэ байдлаа өөрчлье гэж бодоод уран бүтээлийн эрэл хайгуул хийж, хайр сэтгэлийн тухай дуу дуулсан нь амжилттай явж байна. Дараа дараагийн уран бүтээл маань ч гэсэн хайрыг магтан дуулсан дуунууд байх болно. Хайр өөрөө их гэгээлэг, ариун нандин байдаг учир би өөрөө дуундаа хөглөгөдөж байдаг. Шинэ он гаргаад хоёр дахь бие даасан цомгоо гаргаж, тоглолт хийнэ гэж төлөвлөчихсөн байгаа.
- Дуучин хүн өөрийнхөө дуунууддаа их хайртай байдаг. Гэхдээ ямар ч хүнд өөрийн хийсэн бүтээлүүдээсээ нэгэнд нь илүү сэтгэл ханамжтай байдаг? - Дуучин хүн болгон өөрийн уран бүтээлдээ хайртай. Бид бүгдийн уран бүтээл төрүүлсэн хүүхэд л гэсэн үг. Миний сэтгэлд хоногшин үлдсэн, сайхан дуу гэвэл “Дуулмаар дуулмаар аав ээж хоёр”. Аавыгаа амьд сэрүүн байхад нь сайхан уран бүтээлээ үзүүлж чадаагүй болохоор, өөрийн эрхгүй энэ дуундаа хөглөгөдөж уярдаг юм аа.
-Таныг “Хуульч” гэж сонссон. Хуульч хүмүүс их завгүй байдаг. Мэргэжлийнхээ хажуугаар уран бүтээл хийнэ гэхээр их л цаг зав муутай байдаг байх даа? Би хуульч мэрэгжилээр арван жил ажилласан. Сүүлийн үед уран бүтээлдээ түлхүү ороод байна. 2007 онд СУИС-ыг дуурын дуулаачийн ангийг төгсөж, дуучин болох гараагаа мэрэгжлийн төвшинд эхэлсэн. Ер нь би дууны урлагт багаасаа л орсон. З дугаар ангид байхдаа “Бүх ард түмний урлагийн их наадам”-д орж алт, мөнгөн медаль авч байлаа. Урлагийн үзлэг болох бүрт л би дуулаад л явж байдаг байсан. Харин 10-р ангиа төгсөөд хэсэг хугацаанд дуугаа завсарласан. Хуульч, эрх зүйч мэрэгжлийг сонгон суралцаж, төгсөөд мэргэжлээрээ ажилласан.
-Таныг урлагаар дахин явахад хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ? Миний эгч гэж хэлж болно. Намайг хуулийн мэргэжлээр ажиллаж байхад эгч маань “Чи багадаа яаж дуулдаг байлаа. Урын сандаа олон дуутай байж.” гэж хэлдэг. Ингээд төрсөн эгч маань намайг СУИС-д шалгалт өгөхийг санал болгосон юм. Урлагийн сургуульд хөл тавьж байсан үе саяхан мэт санагдаж байна. Хүмүүс ер нь их хор шартай байдаг л даа. Зарим олны танил уран бүтээлчид нэг, хоёроор ч барахгүй тав, зургаан удаа унаж байж уг сургуульд тэнцсэн байдаг. Харин би нэг удаа шалгалт өгөөд л тэнцсэн. Гэхдээ би онгирч байгаа юм биш шүү. Уг нь би шалгалтанд орохдоо тэмцэнэ гэж бодоогүй. Олны танил тийм авъяастай хүмүүс унаж байсан шалгалтанд би ялаа гэж тэнцэх билээ” гэж бодоод шалгалтанд нь орсон чинь тэмцчихдэг байгаа. Тэгээд үүнийгээ бодохоор өөрөөрөө бахархам аар ч юм шиг. /инээв/ Би урлагын хүн бодсондоо баяртай байдаг. Тэгээд урлагт хөл тавихад минь тус болсон, намайг урлаг руу чиглүүлсэн эгчдээ баярлаж явдаг юм.
-Ер нь урлагийн хүний амжилттай явахад хамгийн их тус дэм болдог хүн гэр бүлийн хүмүүс байдаг. Гэр бүлээ уншигчдад маань танилцуулж болох уу? - Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ер нь би гэр бүлээ олны өмнө нээх их дэлгэж яримааргүй байна. Бусдын л адил аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Хань маань мэдээж хэрэг миний уран бүтээлүүдийг дэмждэг. Гэхдээ хэдий дэмждэгч гэсэн ээжийг минь яаж гүйцэхэв. Сайн сайхан зүйлд юу нь болохгүй байна, юу нь болж байгааг нь буурал ээж маань сэтгэл зүрхээрээ дэмжээд л сууж байдаг.
- Таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу? Ер нь та эхээс хэдүүлээ вэ? Манай удамд урлагын хүн бий. Өвөө маань уртын дууч хүн байсан. Манайхан ер нь хуульч, эдийн засагч, математикч, орчуулагч гэхчлэн хэлний чиглэлийн хүмүүс байдаг. Яг урлагийн хүн гэвэл би ганцаараа. Тийм болохоор манайхан ойлгох үе, ойлгохгүй ч үе гарна. Ихэнхдээ ойлгуулах гэж хэцүү л байдаг. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд санхүүгийн асуудал хүндээр тусдаг. Клип цацах, дуу бичүүлэх гээд санхүү дутмаг үед гэр бүлээсээ л туслалцаа авдаг байсан. Миний өдий зэрэгтэй уран бүтээл хийгээд явж байгаа нь гэр бүл, ах эгч минь дэмжлэг үзүүлдэг байсных. Тийм болохоор ах дүү, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. Мөн хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, хөгжмийн зохиолч, яруу найрагч, студи продакшинд баярлалаа гэж хэлмээр байна.
Ц.Мөнхсоёлын шинэ уран бүтээл "Нууцхан чамдаа"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ