
Засгийн газрын тэргүүн өчигдөр Монгол Улсын хоймор нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрбээр энэ өдөр Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.
Энэ Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн нь дэлхийд эхний гурван байранд орох үзүүлэлт. Мөн ажилгүйдлийг долоон хувь, ядуурлыг 10 орчим хувиар бууруулж чадсан нь иргэдтэйгээ хамтран ажилласны үр дүн гэж Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.
Тухайлбал, манай улс гурил, төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг өөрсдөө хангаж, гаднаас гуйхгүй болсон нь Сэлэнгийн хөдөлмөрч иргэдийн гавьяа. Сэлэнгэчүүд нийт ургацын 50 гаруй хувийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ сүүлийн гурван жил дараалан ургац алдаагүй амжилтаа цаашид бататгахын төлөө хамтдаа зүтгэх ёстой. Энэ бол улс орны хүнсний аюулгүй байдалд Сэлэнгэчүүдийн оруулах хувь нэмэр гэж онцлон тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төв дэх энэ захын байр хуучирч муудсан учир орон нутгийн удирдлагууд шинэ зах барих хөрөнгийг шийдэж өгөхийг хүсч байсан байна.
Энэ хөрөнгийг энэ оны төсөвт суулгасанд жижиг, дунд бизнес эрхлэгчид талархалтай байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ.
Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Шаамар сумын нутагт байрладаг “Буман нарс” ахмадын сувилалд амарч байгаа 60 орчим өндөр настантай уулзаж, ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулан эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөв.
Энэ сувилал уламжлалт болон европ эмчилгээтэй, нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир Сэлэнгээс гадна хил залгаа аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Хиагт хотын иргэд ч ирж амарч сувилуулдаг байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ