Үзэсгэлэн гэж үзүүлэхийн нэр үү

img

Өдөр алгасахгүй шахам л янз бүрийн үзэсгэлэн худалдаа нийслэл хотод зохион байгуулагдах болж. Тэдгээрийг зохион байгуулагчид нь "...та энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр нэг дороос, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр авах боломжтой..." гэх мэтийн үгсийг амны уншлага мэт давтацгаана.   Эдгээрийн нэг болох үзэсгэлэн худалдаатай санамсаргүй таарсан нь "Мишээл экспо" төвд гарсан "Хоршоо жижиг дунд үйлдвэр-2012" байлаа. Уг үзэсгэлэнд 200 гаруй аж аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцсон гэх. Тодруулбал, нийслэл орчмын болон 15 аймгийн төлөөлөл өөр өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний авчирчээ. Сэлэнгийн том талх, загас, зөгийн бал, Ховдын тос даасан ааруул, Хөвсгөлийн Тайга цай гээд үнэхээр л брэнд болж чадсан бүтээгдэхүүнийг тэд дэлгэн тавьж. Мөн монголчуудын гарын урыг гайхуулсан гэр, эмээл гээд олон зүйл байсныг хэлмээр байна. Үүнтэй зэрэгцээд үндэсний үйлдвэрлэл нэрийн халхавчин дор урд хөршийн гутал, хувцас ч харагдсан.   Гэтэл энэ бүхний үнэ тэнгэрт хаджээ. Хол ойроос тээвэрлэж ирснээсээ үл хамаараад нэг кг ааруулын үнэ л гэхэд 10-12 мянган төгрөг байх юм. Бүр сар шинийн баяраар худалдаалдаг үнээс ч давжээ. Бид 40 гаруй сая толгой малтай улс хэмээн гайхуулах дуртай. Гэтэл хэтрүүлж хэлэхэд зүгээр шахам олдож байгаа малын буянг манайхан арай л өндөр үнэлээд байх шиг. Цагаан идээний лангууны наана Японы технологи ашиглан хийж байгаа гэх манайхны өргөн хэрэглэдэг үсний шампунь харагдлаа. Гэтэл супермаркетад 2100 төгрөгийн үнэтэй байдаг уг шампунь тэнд 2800 төгрөг. Үргэлжлүүлээд  арьсан гар цүнхнүүд 20 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Дээд тал нь 700 мянган төгрөг гэнэ. Тэдгээр нь чанарын хувьд үнэхээр сайн ч хэлбэр хийцийн хувьд гайхшруулаад байх юм нэгээхэн ч алга байсныг нуух юун. Цаашлаад сийлбэртэй зургаан ханатай гэр 25 сая гэж байхад найман ханатай нь 40 сая байх жишээтэй.   Уг нь энэ мэт үзэсгэлэнгээс иргэд өөрт хэрэгтэй зүйлээ бусад газарт зарагдаж байгаагаас арай л хямд төсрөөр, нэг дороос олон сонголттойгоор худалдаж авахыг зорьж очдог. Гэтэл иймэрхүү үзэсгэлэнгүүд үнэхээр л үзүүлэхийн нэр л байдаг бололтой. Ямартаа л "Хоршоо жижиг дунд үйлдвэр-2012" зохион байгуулагчид нь "Энэхүү үзэсгэлэн жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчид ямар бүтээгдэхүүн хийдгээ харуулах, түнштэй болох, туршлага судлах зорилготой" хэмээн тодорхойлсон нь хэвлэлийн хуудаснаа дурайж харагдсан. Нөгөөтэйгүүр "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" гэж хүн бүр л ярьцгаадаг. Гэтэл үндэсний гэх бүтээгдэхүүний үнэ энэ мэтээр тэнгэрт хадчихаар жирийн иргэд хэрхэн дэмжих билээ дээ.   Д.Цэцэг              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ