Д.Лүндээжанцан: Айлд ортол хөхүүл хүүхэдтэй хүн горьдвол яах вэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр байнгын хороодын хурлуудаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд дараахи байдлаар саналаа илэрхийлэв.
Д.Одхүү: Энэ төслийн 39.1.5-д зааснаар бол сонгуулийн үеэр тойрогтоо очоод хоёроос дээш айлаар орж болохгүй. Ямар ч биеийн тамир, урлагын уралдаан тэмцээн үзэж болохгүй болж байна. Өвөрхангай аймагт л гэхэд З.Энхболд, Д.Лүндээжанцан гишүүн нарын хамаатан садны тал нь байгаа шүү дээ. Тэнд ямар нэг сагсны тэмцээн боллоо гэхэд Ерөнхий шүүгчийг нь энэ хоёрын хамаатан болгоод л гаргаад ирнэ шүү дээ.
З.Энхболд: Зургадугаар сарын 1 болоход бид баяр тэмдэглэж байгаа талбай дээр нь очиж болохгүй болж байна.
Д.Одхүү: Эрдэнэтчүүдийн хүүхэд залуучуудын паркийг би байгуулж өгсөн. Би одоо түүгээр орж болохгүй болж байна.
Д.Лүндээжанцан: PR ажил болжээ.
Д.Одхүү: Би мэдээгүй ийм юм хийсэн. Ийм хууль гарна гэж мэдээгүй.
Д.Лүндээжанцан: Тухайн нэг аймгийг онцолж ярихаа болъё. Айлд ороод юм тарааж болохгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ хөдөө явж байгаад нэг айлд ортол тэр айл нялх хүүхэдтэй байвал яах вэ. Нэг чихэр ч өгч болохгүй хуулиндаа баригдаад гартал хөх нь хавдвал яах вэ. Олон жил хуурай ах дүүсийн харилцаатай байсан айлуудаараа орохгүй л яваад байх уу. Зургаан сарын дотор их зүйл болно шүү дээ.
Д.Одхүү: Үнэхээр тийм зүйл байгаа.
Д.Лүндээжанцан: Энэ PR биш шүү. Жил бүр миний нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн болдог. Үүнийг одоо сонгуулийн жил бүр өнжөөж байх хэрэг үү.
Р.Раш: Амьдралын жаяг болсон ийм зүйлсийг яаж хорих вэ. Цагаан сараар хүн л юм чинь золгоно шүү дээ. Тиймээс хуучнаар нь л явуулмаар байна.
Д.Одхүү: Зохион байгуулалттай, хавтгайруулж гэдгийг л тодотгож оруулж өгье.
Ийм саналыг Д.Одхүү гишүүн гаргаж, түүний саналыг хуулийн төсөлд тусгаж УИХ-аар хэлэлцэх үеэр найруулгын чанартай засвар хийхээр болов. Энэ мэтчилэнгээр санал хураалт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ