Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцоно

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр, маргааш Бээжин хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь удаагийн хуралдаанд оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ажиглагчийн хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гишүүн болон ажиглагч орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх Монгол Улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ  өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл хийх юм байна. Зохион байгуулагч БНХАУ болон зарим орны төрийн тэргүүн, төлөөлөгч нартай хуралдааны үеэр хоёр талын уулзалт хийж, харилцааны асуудлуудаар санал солилцох юм. ШХАБ-ын энэ удаагийн дээд түвшний уулзалтын хүрээнд өнөөдөр “ШХАБ-ын Бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа нь энэ жилийн уулзалтын онцлог болж байгаа юм. Манай улс ШХАБ-ын хүрээний эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг тул энэхүү чуулга уулзалтад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулсан албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ