
“Глоб кредит” ХЗХ-ын захирал Ж.Мэндбаяр хориход өнгөрсөн сарын 31-нээс хуурай өлсгөлөн зарлаж байгаа ажээ. Тэрбээр Багануур дүүрэг дэх чанга дэглэмтэй ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар ангид хоригдож байгаа билээ.
Түүнд одоогоос зургаан жилийн өмнө шүүхээс ХЗХ-ны дампуурлын хэргээр таван жилийн чанга, таван жилийн жирийн дэглэмтэй ангид хорих ял ногдуулсан юм. Гэтэл шүүхээс ногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид биеэр ял эдлэх хугацаа дуусгавар болоод жил гаруй болж байхад түүний дэглэмийг бууруулахгүй байгаа тул өнгөрсөн сарын 24-нөөс нойтон, энэ сарын 31-нээс хуурай өлсгөлөн зарлаж байгаа ажээ.
Энэ байдлаас үүдэн түүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учирч болзошгүй байгаа хэмээн эрүүл мэндийн ажилтнууд хэлж байлаа. Прокурорын байгууллагын зүгээс түүний дэглэмийг бууруулахгүй байгаа шалтгаанаа “Ж.Мэндбаяр нь бусдад учруулсан мөнгөн хохиролынхоо 34 хувийг барагдуулаад байгаа.
Холбогдох хуулийн дагуу мөнгөн хохирлынхоо 50-иас дээшх хувийг барагдуулсан тохиолдолд хорих ангийн дэглэмийг бууруулахаар заасан байдаг” гэв.
Одоогоос зургаан жилийн өмнө Ж.Мэндбаярын 9,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг ШШГЕГ-аас хурааж 2,2 тэрбумаар үнэлсэн байдаг юм байна. Нийт 15 мянган 953 ширхэг эд хөрөнгө битүүмжилснээс 5328 ширхэг нь алга болсон, 10 гаруй газар, 34 орчим тээврийн хэрэгсэл зэрэг хохирогчдын хохирлыг барагдуулах боломжтой байсан ч зургаан жил болж байхад хохирол барагдуулахгүй байна гэдгийг хохирогчид хэлж байлаа.
Хорих ангийн удирдлагууд нь түүний дэглэм бууруулах саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ