МУ-ын начин Ц.Улаанхүү:Туранхай хүнийг тархин дээрээ гаргаж ирээд тийчлэхэд нь унаад шогтов оо.

img

-  Цэрэгт ирээд сайн багийн тусаар их зүйл сурч овоо барилдаж эхэлсэн үү? - Хадбаатар, Гочоосүрэн, Д.Цэрэнтогтох, Д.Цэнд-Аюуш, Т.Артаг нартай ёстой л нөгөө хулангийн тоосонд орсон унага хурдлана гэгчээр яаж зүгээр суух вэ. Багш маань бидэнд бие даалтаар хийх дасгалын тоог  тогтоож өгнө. Би тухайн үед нэг мэхийг 20 давт гэвэл 10 давтах зэргээр залхуурна. Одоо бодоход багшийгаа биш өөрийгөө хуурч амь аргацааж байсандаа одоо харамсдаг. Нэг ёсондоо хүний сайхан сэтгэл рүү  шороо цацаж байж л дээ. Багш маань нэг өдөр надад “Чи дэндүү хэнэггүйтээд байх юм даа. Багш нь улсын хэмжэээий том бөх болгох гэж оролдоод байгаа юм шүү дээ” гэж хэллээ. Би өндөг амталж ундаа амсаж үзээгүй малчны хүү цэрэгт ирсэн юм. -    Барилдаж эхэлсэн тухайгаа...? -  Жил шахам аваргуудын аманд очиж, гарлаа гэж хэлж дуусаагүй байхад унадаг байлаа. Товчдоо Мөөеө, Баянаа аваргуудад ээлжлээд л нухлуулна даа. Хоёр дахь жилээс арай зуураатай болсон. Анх  Булганы Лхагвасүрэн заанаар нэг даваад учиргүй баярласан. Хоёрдахь жилийн сүүл рүү алдаг оног хоёр давдаг боллоо. Хоёр давсны бай 20 төгрөгөөр буузны гуанзанд орж найз нараа дайлна. Найз нар одоо өндөр цолтой, нэр хүндтэй хүмүүс болж дээ. Халагдах жилээ Увсын Доржготов бид хоёр Дундговь явахаар шийдэв. Гурван жил нэг орон дээр өвөртөө унтсан цэргүүд. Доржготов цэргийн заан, би цэргийн начин цолтой. Их юм бодож байгаа. Дундговь бөх муутай юм чинь чи арслан, би заан болох гарцаагүй гэлцэв. Болоогүй юманд сэтгэл ханахыг харганы ноосоор эсгий хийхтэй зүйрлэдэг байхаа. -    Тэгээд хэр барилдав даа? -   Яг явах болтол мөнгө байдаггүй. Доржготов хөнгөний шүүгч хийх, би барилдаж 2 давахаар тохирлоо. Хөнгөний шүүгч өдрийн 30 төгрөгрийн шагналтай. Хоёр давбал 20  төгрөг авна. Майн нэгний баяр болж байгаа. Би үзүүрт Мөнгөн ахыг хаяад түрүүллээ. Өөр хэнийг хаяснаа санадаггүй юм (1978 он). 100 төгрөг аваад Төв номын сангийн үүдэнд уулзахаар болзсондоо яарч дипломоо цүнхлээд хөөрцөглөсөн амьтан очлоо. Доржготовдоо “Түрүүллээ” гэвэл үнэмшихгүй 2,3 даваа биз гээд тоодоггүй. Диплом мөнгөө үзүүлж байж нөхөртөө итгүүүллээ. Тэгээд бөхгүй гэж олзолсон Дундговьд очоод найз маань тав уначихав -    Өөрөө цол нэмж амжсан уу? -   Би нэг унаад аймгийн заан боллоо. Халагдаад Сайхан-Овоодоо очлоо. Цэрэгт явахын өмнө сумын наадамд нэг давж үзээгүй намайг хэн ч бөх гэж тоосонгүй. Би бол аминдаа өөрийгөө том бөх гэж пээдгэр байгаа. Ам авч үзээгүй. Гурвын даваанд гадных гэсэн үү Өмнөговийн а/н Түмэнбаярыг амлав. Эхлээд яах аргагүй уналаа даа. Булхайцаж үзээгүй ч тэгэхэд улайм цайм “Хайн” гэж зүтгэсээр ахилаа. Өргөөд тавьчихлаа. “Дахина” гэхээр нь дахиад л түрүүчийнхээрээ хаячихаад тахимаа автал “Чамайг хаа тааралдсан газраа зодно” гэж шаралхахаар нь зөрүүлээд алгадчихлаа. Бөөн будлиан дэгдээсэн, жудаггүй юм боллоо. Авгайтайгаа анх танилцаж байсныг хэлэхүү, ухаандаа ихэд нэрэлхсэнээс болоод амьдралдаа ганц удаагийн барилдаанд ингэж булхайцсанаа мартдаггүй. Муухай хэрэг. -    Аймгийн заан хүн цэргээс халагдсан жилээ торохгүй түрүүлээ байлгүй? ... Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ