Зам ачаа тээдэг

img

Машин ачаа тээдэггүй, зам тээдэг гэсэн үг байдаг. Шинэ зууны ууган бүтээн байгуулалт Мянганы замыг Мянгуужингийн үлгэр болно хэмээн билэггүй амлаж байсан ч одоо ид шидийг нь үзэж байна. Энэ бүтээн байгуулалтын хаялгаар хот хөдөөгүй зам барилгын ажил өрнөж, там болсон замыг газар сайгүй засч эхэлсэн. Харин аль 1998 онд батлан гаргасан Автозамын тухай хууль их хөлийн ая даахааргүй болжээ. Ялангуяа замын байгууламж барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглах, санхүүжүүлэх, хянах болон төр, зам ашиглагч байгууллага, иргэний хоорондох харилцааг тухай бүрт нь зохицуулахад хөгжлийн алхааг гүйцэхгүй байна. Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа уул уурхай, хотжилт, дэд бүтэц, хүн амын төвлөрөл, чөлөөт бүсийн асуудалд замын хоцрогдол томоохон саад болж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болов. Ашигт малтмал, газрын тосны олборлолт эрчимтэй явагдаж буй орд газар орчмын нутгийн байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хүнд даацын машин механизмын гарын ая даах замын төрөл, ангиллын стандартыг шинэчлэх цаг болжээ. Тамсагийн нефтийн цооногийг дагасан хайгуулын олон салаа зам Мэнэнгийн талыг хэрчиж, өмнийн говийн Тавантолгой, Нарийнсухайт, Ухаахудагийн нүүрс тээврийн шороон замууд говийн бага дархан цаазат газрыг чухамдаа там болгож хувиргав. Энд “Энержи ресурс”-ийн охин компани “Говийн зам”-ын концессын гэрээгээр барьсан засмал зам жолооч нарын хүслэн болсон ч хяслан багагүй байна. Хэн дуртай нь бус, хэн мөнгөө төлсөн нь үүгээр давхиж болдог. Улсын автозамын санг олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхтэй холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах шаардлагатай байна. Иймээс эрхэм гишүүн Р.Буд, Х.Баделхан, Х.Баттулга, Г.Батхүү, Ц.Дашдорж, Ц.Цэнгэл нар “Автозамын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан ч энэ парламентын өнгөнд эцэслэн шийдвэрлэх нь өнгөрөв бололтой. Зам дагаж амьдрал өрнөдөг. Гэтэл асар их өртгөөр баригдсан замын байгууламжийг эвдэж сүйтгэх явдал тасрахгүй гардаг. Аль нэгэн анхааруулах дохионы тэмдгийг үгүй хийснээс ямар ч осол аваар гарч болохыг үгүйсгэхгүй. Мөн замын зурвас газрын хэмжээг өөрчлөх, тэнд барилга байгууламж барих, үйлчилгээ явуулах байдал эмх замбараагүй байна. Иймээс нийтийн ашиг сонирхлын үүднээс тусгай зөвшөөрөлгүй автозам, замын байгууламж барих, засварлах, зураг төсөл боловсруулах ажил эрхэлсэн иргэнийг 1-2 сая, хуулийн этгээдийг 5-10 сая хүртэл төгрөгөөр торгож шийтгэхийг хуульд тусгах санал боловсруулжээ. Түүгээр ч зогсохгүй замыг эвдэж гэмтээсэн иргэнийг 50-100 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг 500 мянгаас сая төгрөгөөр торгож, засч босгох зардлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин амьдралаас урган гарч байна. Гэхдээ зориуд эвдэж сүйтгэн ашиглах боломжгүй болгосон хүнийг 250-500 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 1-2 сая төгрөгөөр торгохоор тусгасан нь хөнгөдсөн ч байж магадгүй. Манай улс 1987 онд “Замын хөдөлгөөний тухай”, “Замын дохио тэмдгийн тухай” Венийн конвенцид нэгдэн орсон. Иймээс автомашины бүх жин, нэг тэнхлэг дээрх ачаалал болон оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэтэл нийслэл хотын доторхи замд барилгын материал ачсан хүнд даацын машинууд өдөр шөнөгүй холхиж, орон сууцны хорооллын хэврэг замыг амархан эвдэж байна. Мөн уул уурхайн өшигт малтмалын тээврийн ажил эрхлэн гүйцэтгэдэг компаниуд тээврийн хэрэгслийн даац, нэг тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэх санал гаргаж байна. Гэсэн ч одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нийтийн хэрэгцээний замд уг саналыг хүлээн авах боломжгүй. Зөвхөн нийтийн хэрэгцээний бус тусгай зориулалтын замаар тогтоосон маршрутын дагуу 44 тонноос давсан хүнд даацын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх боломжтой гэдгийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж анхааруулсан. Харин үүнд шинэ стандарт шаардагдаж байгаа юм. Иймээс олон улс, улсын чанартай автозамын зурвас газрын өргөн 100 метр, нийслэл, орон нутгийн чанартай автозамын зурвас газрын өргөн 60 метр байх аж. Тухайн автозамын болон газар нутгийн онцлогоос хамааран дээрх замын зурвасын өргөнийг автозамын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай бол аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож болох юм байна. Энэ жил Улаанбаатарын 38,5 км замыг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр засах боловч өргөтгөх ямар ч боломж байхгүй. Хотын замын ачааллын 30-35 хувь төмөр замын гарман дээр төвлөрч, хааш хаашаа замын түгжрэл үүсдэг. Одоогоор Улаанбаатарт төмөр замын вокзал, Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим япончуудын оролцоотой гүүрэн зам тавих ажил овоо урагштай байна. Нийслэлийн Автозамын газраас зам барилга, засварын ажлын тендерийг оны эхний хоёрдугаар сараас зарласан. Одоогоор 100 км замын 21,5 км-ыг шинээр тавьж, 76,2 км замыг засах ажил эхлэх бололтой. Манайхан аль ч улсад хоцрогдсон нөхөөс тавих аргаар хотын замыг засдаг нь тун богинохон насалдаг. Энэтхэг зэрэг оронд битум хучилтыг давхарлаж тавьсаар бараг хажуугийн хашлагатайгаа чацуу шахам болсон байдаг. Малайзад өөрийн хөрөнгөөр тавьсан замынхаа ашиглалтыг тухайн компани хариуцаж, тээврийн хэрэгслүүдээс татвар авч, засвар арчилгааны ажлыг гүйцэтгэдэг нь төрийн байгууллагын нуруун дээрх ачааг хөнгөлдөг байна. Тус улсад автозамын ашиглалтын хугацааг 30 жилээр тогтоож, түүнээс цаашхи засварт улсаас зохих хөрөнгө оруулдаг хуультай. Зам барилгын ажил хэдийгээр өртөг зардал ихтэй боловч зардлаа амархан нөхдөг талтай. Манай улс 2010 онд гэхэд энэ салбарт 45,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан авч чанарын талаар тун маруухан байна. Ямар сайндаа манай дарга нар өргөнөөс нь хасаад, танай дарга нар зузаанаас нь танаад гэсэн явган яриа монгол, хятад ажилчдын дунд гарч байхав. Иймээс автозамын арчлалт, хамгаалалтыг тогтмол гүйцэтгэх, замын засвар, арчлалтын хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, зураг төсөл зохиох, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын хяналт тавих зэрэг зөвлөхийн үйлчилгээгээр хангах, норм, нормативыг боловсруулах, батлах, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, зам барилгын материалын үйлдвэрлэл зэрэг асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ