Сайн санаат эмэгтэй CNN-ийн “Баатар” эмэгтэйгээр тодров

img

Аргентин улсын эдийн засаг хэдийгээр хурдтай өсч байгаа ч тэнд маш олон ядуу хүн амьдарч байна. Маш олон бага насны хүүхэд хог түүж амь зогоон, өдөр хоногийг өнгөрөөж байна. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд хогийн  цэг дээр амьдарч байна. Эцэг эхчүүд нь мэдээж хүүхдүүдээ сайхан амьдруулахыг хүсч байгаа. Энэ асуудлыг шийдэхээр Елена Дурон Миранда гэдэг нэгэн сайн санаат эмэгтэй орон гэргүй хүүхдүүдийг асрах төв байгуулж, тэнэмэл хүүхдүүдэд буян болж байна. Асрамжийн газар ирсэн хүүхдүүд хогийн цэг дээр амьдарч, хог түүн амьдралаа зогоох шаардлагагүй болсон байна. Хүүхдүүд амьдрахын эрхэнд сургуулиа орхисон тул Елена тэдэнд мөн хичээл зааж, ерөнхий боловсрол олгож байна. Мөн амьдрал тааруу айлуудаар  явж, хүүхдүүдийг нь хичээл сургуульд явуулахыг зөвлөдөг аж. Хүүхдүүд асрамжийн газраас зугтах, оргох тохиолдол гарахад Елена араас нь явж, олж авчирдаг гэнэ. Сайн боловсрол олсон хүүхэд дахин хог түүн, өлөн зэлмүүн амьдрахгүй гэж Елена үздэг.  Елена анх 11 жилийн өмнө Аргентины өмнө хэсгийн жуулчид очих дуртай газраар явж, тэнд гэр оронгүй, хог түүдэг  хүүхэд их байгааг олж хараад элэг нь эмтэрч байжээ. Дараа нь  PETISOS, буюу хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхээс сэргийлэх ТББ байгуулжээ. Елена олон орноор явсан боловч, Аргентинд орон гэргүй хүүхэд илүү их байгааг анзаарч тэднийг аврах ажилдаа шулуудан оржээ. Одоо Еленагийн ТББ-д 200 гаруй хүүхэд байгаа юм байна. Елена мөн хүүхдэд үнэгүй ерөнхий боловсрол олгуулахаар  тэмцдэг байна. Аргентин улсын хуулиар хүүхдэд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог боловч, хүүхдүүд ээж аавдаа туслах гэж  үнэгүй ажил хийж байгаа юм. Харин Еленагийн ачаар Аргентины орон гэргүй тэнэмэл хүүхэд цөөрчээ.  Елена хийж байгаа сайн үйлээрээ дэлхийн хүмүүст үлгэр жишээ болж, CNN агентлагийн тодруулдаг “Баатар” эмэгтэйгээр шалгарчээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай! Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ