Иргэний үнэмлэхийн лавлагаа олголтыг зогсоожээ

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа нь дууссан, хаяж үрэгдүүлсэн иргэдэд зурагтай лавлагаа олгоод байсан билээ. Үүний хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд лавлагаа  авсан сонгуулийн насны 38183 /Улаанбаатар хотын хэмжээнд 25677, орон нутагт 12506 / иргэний цахим үнэмлэхийг хэвлэн аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд засаг захиргааны харьяаллынх нь дагуу өнгөрсөн сарын 29-ны өдөр хүлээлгэн өгөөд байгаа аж. Энэ хугацаанд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэд харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой болсон. Харин тавдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 1-ний хооронд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны 56387 иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 10-ний дотор хэвлэж дуусгах юм байна. Улмаар энэ сарын 15-ны өдрийн дотор харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, 25-ны дотор иргэдэд олгож дуусгахаар төлөвлөжээ. Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хүчингүй болгосны улмаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэж улмаар түүнийг орон нутагт хүргүүлж, иргэнд олгож, түгээх хугацааг тооцон үзсэний үндсэн дээр  сонгуулийн насны иргэдэд олгох иргэний үнэмлэхийн лавлагааг  6 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгосон. Харин их дээд сургуулийн элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан 16, 17 насны  иргэдэд  иргэний үнэмлэхийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын хэлтэс, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс урьдын адил олгож байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 167 дугаар тогтоолоор батлагдсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхтэй  иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэвлэж, иргэдэд олгож түгээх ажлыг зохион байгуулна. УИХ-ын энэ оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн  “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 160 дугаар тогтоолоор энэ оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэн иргэний цахим үнэмлэх эхний удаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлснөөс 1 удаа чөлөөлөх тухай, шийдвэр гарсан. Иймээс иргэний цахим үнэмлэхийг иргэдэд энэ оныг дуустал   нэг удаа үнэ төлбөргүй олгох юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ