
Болгар улсрын аэробик гимнастикийн холбооныхон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Софи хотод зохион байгуулахаар болж, 12 дахь удаагийн дэлхийн аваргад 47 орны 819 тамирчид оролцсон байна. Эдгээрээс 317 тамирчин өсвөр насанд өрсөлдсөн бол 448 тамирчин насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол онцлог нь анх удаа аэробик дэнс буюу бүжгийн төрөл, Стэп аэробик буюу аэробикийн алхалтын төрлүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төрөл болон орж ирсэн явдал юм аа. Дэлхийн аваргад ОХУ 85 хүний бүрэлдэхүүнтэй, Япон -41, Франц -38, Монгол 35, Румын 34, Солонгос 28 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Монголын баг энэ удаагийн дэлхийн аваргад 12-14 насны ангилалд эрэгтэй ганцаарчилсан төрөлд 97-р сургуулийн сурагч Хаш-Эрдэнэ 14,600 оноогоор 13-р байранд, охидын ганцаарчилсан төрөлд мөн сургуулийн Энхжин 12,000 оноогоор 50-р байранд, Биеийн тамирын дунд сургуулийн Содчимэг 35-р байранд, хосын төрөлд Хаш-эрдэнэ, Энхжин нар 17-р байранд тус тус шалгарсан бол 15-17 насны ангилалд Эрэгтэй ганцаарчилсан төрөлд "Лайт" клубын Насанбаяр 21-р байранд, мөн тус клубын Золбоо 19-р байранд шалгарсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд "Лайт" клубын Отгонтуяа 53-р байранд хосын төрөлд Содгэрэл Отгонтуяа нарын хос 17-р байранд гурвалсан төрөлд Содгэрэл Золбоо, Насанбаяр нар 32 багаас 23-р байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Харин 18-аас дээш насны стэпийн төрөлд Галбадрах, Энхпүрэв, Батгэрэл, Сэргэлэн, Алтан-Очир, Ариунболд, Галмандах, Мөнхтогоо нарын бүрэлдэхүүнтэй баг дэлхийн аваргад оролцож 11 орноос хагас шигшээд 17,700 гэсэн амжилтаар 5-р байрт шалгарч, финалын шатанд 17,700 оноогоо баталж хүрэл медалийн эзэн болсон байна. Харин энэ төрөлд Хятад, Оросын баг 17,800 оноогоор хамтдаа алтан медаль хүртсэн бол Монголын тамирчид энэ төрөлд анх удаа дэлхийн аваргад оролцож алтан медалиас 0,1 оноогоор мултарч хүрэл медаль хүртсэн байна. ШУТИС-ийн энэ багийн хувьд дасгалжуулагч багш Ерөөлбатын удирдлаганд хичээлэлдэг бөгөөд өнгөрсөн жил болсон дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадамд мөн амжилттай оролцож дэлхийн 17 орноос 7-р байранд шалгарч байсан юм. Мөн Стэп аэробикийн төрөлд оролцсон эдгээр залуучууд Инженерийн сургуулийн оюутнууд гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ