
Саяхан “Сарны титэм” худалдааны төвд гал гарч, лангуу түрээслэгчдийг нэлээд сандаргав. Зах зээлд хөл тавихаас өмнө “выставка” буюу томоохон хэмжээний үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг байсан энэ барилгад сүүлийн хориод жил наймаачид лангуу түрээсэлж, бараа таваараа зарж борлуулдаг болсон юм. Харин өнгөрсөн өвөл худалдааны танхимыг хоёр давхар болгон өргөтгөн засварлаж, үйлчлүүлэгчдэд ая тухтай орчныг бүрдүүлснээр хуучны танил газрыг зорих олны хөлийг улам ихэсчээ. Гэтэл зургадугаар сарын 5-ны өдрийн үд дунд гэнэт гал гарч, түрээслэгчдийн дунд “САПУ” худалдааны төвийн галын аюулын адил харанга дэлдсэн юм. Өмнө нь “выставка”-д гурван ч удаа галын аюул нүүрлэж байжээ. Ер нь аль далаад оны үед ашиглалтад орсон барилгын өнгө зүсийг хааяа торддог ч цаагуураа цагийн аясаар хуучирч муудсан нь илт байна. Ялангуяа цахилгааны шугам сүлжээ хэврэгшиж, гал гарах үндсэн шалтгаан болж байсан нь энэ удаа ч давтагдав бололтой. Үүнийг онцгой байдлын мэргэжилтнүүд нотолж байна.
Улаанбаатарын томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн эзэд талбай түрээсэлж, орлогын хойноос хэт хөөцөлдсөнөөс барилга байгууламжийнхаа аюулгүй байдлыг хангах талаар төдийлөн анхаардаггүй, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилладаггүйгээс эд хөрөнгө байтугай хүний амь нас эрсдэхэд ч амархан байна. 2005 оны өвөл “Алтжин” компанийн “САПУ” худалдааны төв нэгэн үдэш үнс нурам болтлоо шатаж, 700 гаруй лангуу түрээслэгчийн 4,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, бараа таваар юу ч үгүй болтлоо шатсан билээ. Шинэ жил дөхөж байсан болоод ч тэр үү, элдэв төрлийн тэсэрч дэлбэрэх бодис бүхий цацруулагч эд их хэмжээтэй хадгалагдаж байснаас гал дээр тос нэмж, чухамдаа эмгэнэлт галын наадам болсон гэхэд хилсдэхгүй. “САПУ”-ны хохирогчдын нэхэмжлэл хаваржин үргэлжилж, сүүлдээ улс төрийн өнгө аястай болсон нь нийгэмд ул мөрөө тод үлдээсэн юм. Гал гарсан шалтгааныг тэнэмэл хүмүүс архи ууж, тамхи татан дулаацаж байгаад гал алдсан гэсэн буух эзэн, буцах хаяггүй шахам орхиж билээ.
Гэтэл таван жилийн дараа буюу 2011 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр XIII хороолол дахь зүүн дөрвөн замын уулзвар орчмын “Ийст” худалдааны төвийн барилга бас шатаж, багагүй хэмжээний хохирол учирсан. Одоо ч уг барилгын шатсан орой гашуун сургамжийн бодит гэрч болсон хэвээр байна. Энэ мэтчилэн жижиг мухлаг, цайны газруудыг эс тооцвол хотын төвийн томоохон гурван худалдааны төв галд өртсөний наад захын гурван жишээ.
Сүүлийн үед төрөл бүрийн барилга байгууламжууд олноор ашиглалтад орж байгаа ч галын аюулын дотоод дохиоллын төхөөрөмж суурилснаар санаа амардаг ч гэх юм уу, эсвэл нүглийн нүдийг гурилаар хуурдаг болжээ. Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн хурандаа Г.Даваадорж, улсын хэмжээнд гарч байгаа гал түймэр ихэвчлэн хүний анхаарал болгоомжгүйгээс үүдэж байна. Дараа нь цахилгаан ашиглалтын буруугаас, ахуйн болон үйлдвэрлэлийн хүрээнд техник технологийн горим, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гал гарч, хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх явдал өсөх хандлагатай байна. Судалгаанаас үзэхэд гал түймрийн 40 гаруй хувь нь цахилгаанаас үүдсэн байдаг.
Улаанбаатарт жилд хэдэн зуун барилга байгууламж шинээр ашиглалтад орж байгаа боловч сүүлийн 20 жилд гал унтраах иж бүрэн автомат (усаар, хөөсөөр, хийгээр, нунтгаар, уураар) төхөөрөмж бараг тавигдаагүй. Зөвхөн 10 орчим хувьд нь мэдрэгч тавигдаж байгаа нь хангалтгүй гэж үзэж байна. Гадаадаас хуулбарлан авсан барилгын зураг төслийн зурагт галын аюулгүй байдлын зургийг хасч, мэдээлэгчээр орлуулдаг явдал байна. Төв пульт Мэдээлэл удирдлагын төвтэй холбогдоогүй нөхцөлд зөвхөн обьект дотор байгаа жижүүр хамгаалагчид л мэдээлэл дамжуулна. Тэгсний дараа нөгөө л түгжрэлтэй замаар аврах, гал унтраах бие бүрэлдэхүүн очно гээд бодоод үз дээ хэмээн мэргэжлийн хүний хувьд санаа зовнин ярьж байна.
Нөгөөтэйгүүр 80-аад оны галын аюулгүйн норм дүрэм, стандарт нэгэнт хуучирсан тул зарим заалтыг шинэчлэх, шинээр баригдаж буй обьектын зураг төсөлд гал унтраах иж бүрэн автомат төхөөрөмжийг заавал байрлуулах зэрэг заалтыг оруулах шаардлагатай болжээ. Мөн барилгын зарим туслах бүтцэд шатдаггүй материал ашиглах заалтыг өөрийн орны онцлогт тохируулан ашиглах хэрэгтэй юм. Улаанбаатарын замын гэрэлтүүлэг, троллейбусны шонд төрөл бүрийн цахилгааны утас холбож ил татсаныг газар доогуур монтажилж, дүрэм норм, стандартад нийцүүлэхгүй бол хотын хэмжээнд галын аюул нүүрлэх магадлал маш өндөр байгаа. 60-аад оны үеийн барилгуудын дээврийн хөндийн цахилгааны монтажийг нэг бүрчлэн шалгаж, яаралтай засч янзлахгүй бол нэг л өдөр дүрсхийхийг байг гэхгүй.
Их төлөв гэр хороолол, зарим өргөтгөл засвар хийсэн, шинээр баригдсан барилга байгууламжуудад цахилгааны монтажийг хамгийн хямд, стандартын бус утсаар, өөрөөр хэлбэл чанар муутай кабель, муу контакттай тоног төхөөрөмж, уртасгагчийг ашиглаж байгааг УМХГ, ЦШСГ-ын мэргэжлийн бусад байгууллагатай хамтран шалгаж, чанаргүй материал, бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулахгүй байх хэрэгтэй. Манай улсад хэрэглэж байгаа гал түймэр унтраах техник хэрэгслийн ашиглалтын байдалд хийсэн судалгаанаас харахад энэ төрлийн техник хэрэгслийн 80 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байснаас техникийн үзүүлэлтүүд нь ажлын шаардлага хангаж чадахгүй болжээ. Энэ нь техникийн бэлэн байдлыг бууруулах үндсэн шалтгаан болжээ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ