Элсэлтийн шалгалтаа өгөхөд бэлэн үү?

img

Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөх юм. Шалгуулагчдын шалгалтын байр, анги танхим хаана сууж шалгалт өгөх талаарх мэдээллийг агуулсан суудлын хуваарь бүхий шар хуудсаа энэ жил ЕБС төгссөн шалгуулагч төгсч буй сургуулиасаа харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх харъяа газраа өөрөө сонгож бүртгүүлсэн байгаа. Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг энэ сарын 2-6-ны хооронд тухайн харьяаны Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авсан байх шаардлагатай юм. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа  ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс мөн дээрх дээрх өдрүүдэд авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар  болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах учиртай аж.     Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1.Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/ 2.Суудлын хуваарь бүхий шал хуудас 3.Бүрэн дунд боловсролын үнэмлэх 4.Иргэний үнэмлэх Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр  төвлөрүүлэн, шалгагч машинаар засч дүн, оноог гаргадаг. Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа мэдээлнэ. Харин ирэх сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж тараах аж. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас авна.             Шалгалт Орос хэлний хичээлээр эхэлнэ 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10.00-11.20  Орос хэл 13.00-14.40  Хими 16.00-17.20 Англи хэл 2012 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 08.30-09.50  Монгол улсын түүх 11.30-13.10   Математик 14.30-15.50  Биологи 17.00-18.20  Монгол хэл 2012 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 08.30-09. 50 Газар зүй 11.30-12.50 Нийгмийн тухай мэдлэг 14.20 – 16.00 Физик   Шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна.   Суудлын хуваарь бүхий шар хуудас гэж юу вэ? Шалгуулагчийн сонгосон хичээлийн шалгалтыг аль сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд суух талаар суудлын хуваарийн мэдээллийг баталгаажуулсан шар өнгийн хуудас юм. Гэрээний хуудас гэж юу вэ? Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай хувийн мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна. Шалгалтын дэвтэр гэж юу вэ? Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, 4-8 хуудас бүхий диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал байна. Сонгох хэлбэрийн даалгаварт өгөгдсөн хариултуудаас зөвийг сонгох хэрэгтэй. Шалгалтын дэвтэр дээр бичигдсэн хувилбар хариултын хуудсанд бөглөсөн хувилбартай таарч буй эсэхийг нягтлан хараарай. Шалгалт бүрийн үргэлжлэх хугацаа авах оноо өөр өөр оноотой тул дэвтэр дээрх гүйцэтгэх заавар санамжийг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулаарай. Хариултын хуудас гэж юу вэ? Хариултын хуудсыг компьютерийн програм ашиглан, машинаар уншуулж, дүгнэхэд зориулсан тусгайлан бэлдсэн хариулт тэмдэглэх зориулалт бүхий бичгийн хэмжээтэй хуудас юм.   Хариултын хуудсыг бөглөхдөө дараах хэдэн зүйлийг анхаараарай 1.         Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариулт сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар будаж тэмдэглэнэ. 2 ба түүнээс дээш хариулт тэмдэгдэсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно. 2.         Нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтрийн зааврыг анхааралтай уншаарай. 3.         Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон хар хөх өнгийн үзгэн болон тосон бал ашиглан бөглөж талбайгаас илүү гаргалгүй нямбай будаарай. 4.         Хариултын хуудсан дээр заавраас өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хариултын хуудас хүчингүй болох ба дахин олгохгүй анхаарах хэрэгтэй. 5.         Хариултын хуудсыг тусгай машинаар уншуулдаг учир шалгалтын дэвтэр дээрээ зөв тэмдэглэсэн ч хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглээгүй бол хариулт хүчингүй болно. Иймд хариултын хуудсан дээрх тэмдэглэгээ хийсэн эсэхээ сайтар хянаарай.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ