
АТГ өнөөдрийн 11.00 цагаас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж, иргэдээс санал гомдол хүлээн авч ажиллав. Энэ оны тавдугаар сарын 1-нээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг даган мөрдөж эхэлсэн юм. Иймээс тус байгууллагын хариуцах үүргийн хүрээ нэлээд өсөв. Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц байдлыг хэлнэ.
Уг хуулиар сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхээр болов. Үүнд орлогын долоон төрлийн мэдүүлэг бөглөхөөс гадна газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, тэр ч байтугай эрх, патент, тусгай зөвшөөрөл, зээл орох бөгөөд авлагыг хүртэл тэмдэглэх юм байна. Мөн нийтийн албан тушаалтан жил бүр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ давхар гаргаж өгөхөөр болж байгаа юм. Энэ талаар иргэд төдийлөн мэдэхгүй байгаа учраас тэдэнд тайлбарлан таниулах, цаашилбал АТГ-ын үйл ажиллагааг сурталчлах, иргэд, байгууллагаас санал гомдол хүлээн авах ажлыг “Бид хамтдаа” уриан дор зохион байгуулав.
Сүүлийн үед АТГ-ын баривчилгаа ширүүсч байгаа тухай дэл сул яриа нийгэмд газар авч байгаа нь авлигатай тэмцэх ажлын эрч хүчийг сааруулах, ажилтнуудын нэр хүндийн зарим талаар гутаахад чиглэгдэж байна. Гэсэн ч АТГ нь соён гэгээрүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм. Авлигын эсрэг боловсрол дутмагаас түүнд өртөх, ашиг сонирхлын зөрчилд холбогдох явдал ил далд тасрахгүй байна. Авлига хэмээн чангаар дуугарах хүн цөөнгүй байгаа боловч авлигын ээдрээг тайлахад хамтын тэмцэл чухал байгааг АТГ-ын удирдлага учирладаг. Иргэд цаагуураа санамсаргүйгээр авлигад өртөх явдал буурсангүй.
АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, зарим төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага болохоор энэ өдөр иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зах зухаас танилцууллаа. “Бид хамтдаа” ажил сар бүр явагдаж, олон нийтийн оролцоог идэвхжүүлж байна.









Х.Аянга
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ