
... "Ийм хариуцлагатай үед би "буудсан" гээд боддоо", "Чи ямар вариант болсон бэ", "За явж гандан орьё", "Гайгүй юм байна аа", "Мэдэх юм ховор л байлаа" гэх үгс өрнөнө. Энэ бол элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд явж байгаа хүүхдүүдийн хоорондох яриа.
ЭЕШ өчигдөр улс орон даяар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалт өчигдөр Орос хэлний хичээлээр эхэлсэн бол өнөөдөр монголын түүх, математикийн хичээлээр үргэлжилж байна.
ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол, англи, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байгаа юм. Сурагчдаас математикийн хичээлээр хамгийн их буюу 36924, харин орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 3580 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Бид шалгалтын явцын талаар мэдээлэл авахаар Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн зорьсон юм. Энэ сургууль дээр Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт байрлах зарим сургуулийн сурагчид математикийн хичээлээр шалгалтаа өгөөд дуусч байсан юм. Сургуулийн гадаа хүүхдээ хүлээсэн эцэг эхчүүдээс гадна сургуулийнхаа сурталчилгааны материалыг барьсан их дээд сургуулийн багш, оюутнууд ч ирсэн байсан. Ингээд шалгалтын комиссын багийн ахлагч Ш.Үүрцайхаас зарим зүйлийг тодрууллаа.
-ХИС дээр нийт хичээн хүүхэд шалгалт өгөөд байна. Дөнгөж сая математикийн хичээлээр хүүхдүүд шалгалтаад өгөөд дууслаа. Энэ хичээлээр хамгийн олон хүүхэд шалгалт өгч байгаа байхаа?
-Улсын хэмжээнд одоогоор тав дахь шалгалтаа авлаа. Өчигдөр хамгийн эхний шалгалт орос хэл, хими, англи хэлний шалгалт авсан. Энэ сургууль дээр хамгийн их хүүхэд шалгалт өгөх хичээл нь англи хэл байсан. 1013 хүүхэд шалгалт өгөхөөс 989 өгсөн. Химийн хичээлээр 228 -аас 216, орос хэлээр 105 хүүхдээс 100 нь шалгалтдаа орсон. Өнөөдөр өглөө монгол улсын түүхээр 185 хүүхдээс 175, математикийн хичээлээр 937 хүүхэд шалгуулахаас 14 хүүхэд шалгалтад орсонгүй.
- Хоцорсон хүүхдүүд хэр олон байсан бэ. Хоцорч ирж байгаа хүүхдүүдийг шалгалтад оруулахгүй байгаа юу?
- Нэг хоёр хүүхэд хоцорсон ирсэн тохиолдол байсан. Шалгалтын цаг эхлээд материал задарсан учир тэдгээр хүүхдүүдийг шалгалтад оруулаагүй.
Уг нь хүүхдүүдийг 1.30 цагийн өмнө шалгалт өгөх газраас ирсэн байхыг анхааруулсан байгаа.
-Шалгалтын яюцад ямар нэг зөрчил илэрсэн үү. Өчигдөр химийн хичээл дээр шалгалтын материал дээр алдаатай зүйл гарсан талаар хүүхдүүд ярьж байна?
- Одоогоор гарсан зөрчил байхгүй шалгалт хэвийн явагдаж байна.
-Жилийн жилд шалгалтын материал задарсан гэдэг асуудал гардаг. Энэ жил тагнуулынхантай хамтарч ажилласан гэл үү?
-Энэ талаар нарийн мэдээлэлгүй байна. Бид нар энэ шалгалтын байранд ямар нэг зөрчил гаргахгүй ажиллах үүрэгтэй. Үнэндээ бид ямар материалаар шалгалт авч байгааг ч хараагүй.
-ЭЕШ дуусах болоогүй байна. Хүүхдүүдэд хандаж, анхааруулах зүйл байвал хэлээч?
-Шалгуулагч сургууль төгссөн гэрчилгээ, иргэний үнэмлэх, шар хуудас, бүртгэлийн хуудас гэсэн дөрвөн төрлийн материалыг бүрдүүлж ирж, шалгалтаа өгөх ёстой. Зарим нэг хүүхэд эдгээрээс аль нэгийг нь авчраагүй байх тохиолдлууд гарсан. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, сургуулийн юм уу хорооны засаг даргын тодорхойлолттой байх хэрэгтэйг хэлмээр байна.


Гэрэл зургийг Ч.Лодойсамбуу
Сурвалжлагч Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ