
Германы шигшээ Байерн Мюнхены довтлогч Марио Гомезын 72 дахь минутад мөргөж оруулсан гоолын ачаар Криштиан Рональду тэргүүтэй португалчуудыг буулгаж авлаа.
Ингэснээр герман машин барианаасаа амжилттай гарлаа гэж хэлж болох. Гэсэн ч үхлийн хэмээгдэх В хэсгээс аль баг нь шалгарч гарахыг хэлэхэд эрт байна.
Үүнийг Голланд Данийн шигшээгийн тоглолт ч бэлхнээ харуулаад амжсан. Сүүлийн хэдэн жил хүчирхэг байгаа улбар шарууд Данийн шигшээд 1:0-ээр хожигдож дуулиан тариад буй.
Тиймээс 13-ны өдөр болох Герман-Голланд, Дани-Португалийн тоглолтоос их зүйл шалтгаалах юм. Германчууд хэдийгээр "европын бразил"-чуудыг хожоод сурчихсан юм гэхэд улбар шарууд бол тэдний хувьд өгөөтэй аваатай өрсөлдөгч нар.
Тиймээс Данитай хийсэн тоглолтоосоо сургамж авч Германы шигшээг сөхрүүлэх чадал Голландын шигшээд байгаа гэхэд хилсдэхгүй.
Харин Голландыг барчихаж байгаа юм хойно Португалийг аргалчих сөхөө Данийн шигшээд олдохгүй гэхийн газаргүй. Тиймээс урьдчилан таахын аргагүй В хэсгийн үхлийн тоглолтууд Евро 2012-ын гол дуулиан болох буй за.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ