
NBA-гийн Дорнод конференцийн аваргын төлөөх ширүүн тулаан эцсийн мөчид Майами Хитийн ялалтаар өндөрлөлөө. Сүүлийн гурван жил плэйоффт учраа таарч буй Майами Хит, Бостон Селтиксийн үзүүштэй ширүүн цуврал энэ удаа долоон тоглолтын үр дүнгээр шинэ үеийн “Их гурвал” хуучны “Их гурвал”-ыг 101:88-ын харьцаагаар буулган авч бүсийн аваргын цомоо өргөснөөр дууслаа.
Цувралын долоо дахь тоглолт Майами Хитийн талбайд болсон бөгөөд энэ тоглолтод Леброн Жеймс 31 оноо авч багийнхнаа тэргүүлсэн ба Бостоноос Ражон Рондо 22 оноо авсан. Цувралын өмнөх тоглолтуудад багийн лидер ямар байх ёстойг үзүүлж чадсан Пол Пирс энэ удаад хангалтгүй тоглож 19 оноо зулгаасан бол гайхамшигт Кей Жи 14, Рэй Аллен 15 оноо тус тус авчээ.
Харин Майами Хитээс Дуэйн Уэйд 23 оноо, 6 оновчтой дамжуулалт хийж сайн тоглосон бол багтаа эргэн ирээд удаагүй байгаа Бош шийдвэрлэх тоглолтод 19 оноо, 8 самбараас авалт гүйцэтгэж багтаа үнэлж баршгүй нэмэр болсон юм.

Ингэснээр Майами 13 онооны давуугаар ялж Дорнод бүсийн аварга болоод зогсохгүй NBA-гийн аваргын төлөө Оклахома Тандер Сититэй тоглох эрхтэй боллоо. Дээр дурдсанаар Бостон – Майами багууд сүүлийн гурван жил дараалан плэйоффт таарч тоглож буй.
Үүнийг уншигч танд нэхэн сануулваас 2009-2010 оны улирлын плэйоффт эхний шатанд учраа таарсан тус хоёр багаас 4:1-ээр Селтиксчүүд хялбархан ялалт авч улмаар дараагийн шатуудад Кливленд Кавалерсыг 4:2-оор, Орландо Мэжикийг 4:2-оор ялж аваргын төлөөх цувралд Лос-Анжелос Лэйкерст 4:3-аар ялагдаж байлаа.
Дашрамд дурдахад энэ нь Бостон Селтик болон Лос –Анжелос Лейкерс багуудын түүхэн өрсөлдөөний хамгийн сүүлийн тулгаралт байсан бөгөөд үүнээс хойш хоёр баг дахин аваргын төлөөх цувралд гарч ирж амжаагүй л байна.
2010-2011 оны плэйоффт Майами болон Бостон багууд шат өгсөн тулалдлаа. Энэ удаад Майами хариугаа авч 4:1-ээр хялбархан өвдөг сөхрүүлээд бүсийн аваргын төлөө Чикагог мөн цувралд 4:1-ээр ялж эцэст Дирк Новицки тэргүүтэй хашруудаар эгнээгээ бүрдүүлсэн Даллас Маверикст аваргын төлөө ялагдсан билээ.

Тэгвэл энэ жилийн плэйоффд Бостон эхний шатанд Атланта Хауксыг 4:2, Филидельфи 76-г 4:3-аар тус тус буулган авч бүсийн аваргын төлөө та бүхний харсанчлан өнөө өглөөний тулаанаар Майами Хитэд дийлдэн өрсөлдөөнөөс хасагдаж байна.
Харин Майами Хит Жереми Линээ бэртлээр алдсан Нью-Йорк Никсийг хялбархан буулган авч улмаар Индианаг 4:2-оор ялаад ийнхүү бүсийн аваргаар тодорсон төдийгүй өнө эртний хүслээ гүйцээж аваргын цомыг өргөхөөр Оклахомагийн залуустай өрсөлдөхөөр боллоо.
Бостоны хувьд хүүхэд залуус, сагсан бөмбөг сонирхогчдын шүтээн болсон домогт тоглогчдынх нь сүүлийн цуврал байсан болов уу. Пол Пирс, Кевин Гарнетт, Рэй Аллен нарыг бид ирэх улиралд NBA-д хардаггүй юмаа гэхэд Бостоны эгнээнээс олж харахгүй л болов уу. Энэ нь хүчирхэг багийн эгнээнд суу алдраа дуудуулсан домогт тоглогчдын жам.

Харин Майами Хитийн хувьд яах аргагүй энэ цагийн супер оддыг эгнээндээ нэгтгэсэн билээ. Магадгүй энэ жилд бид тэдний анх удаа аваргын цом өргөж буйг харах биз.
Хаан хэмээн дуудуулдаг Леброныг “титэм”-тэй болох эсэх нь тун удахгүй шийдэгдэх болно. Харин хэдэн цувралаар гэдгийг сагсан бөмбөгийн хорхойтнууд дор бүрнээ таамаглаж буй бизээ.

Оклахомагийн хувьд плэйоффын эхний шатнаас л дуулиан тарьсаар ирсэн. Кевин Дюрант тэргүүтэй Оклахомагийн залуус өнгөрсөн жилийн аваргуудыг 4:0-ээр бут ниргэсэн нь гайхалтай сенсаци байлаа.
Хоёрдугаар шатанд плэйоффт яван чангардаг хашир туршлагатай Лос-Анжелос Лейкерсийг ядах юмгүй 4:1-ээр буулгаж авсан ба бүсийн аваргын төлөө мөн л асар их туршлага хуримтуулсан Сан Антонио Спэрсийг 4:2-оор ялж бүсийн аварга болсон юм.
NBA-гийн хамгийн их туршлага хуримтлуулсан, нэр цуутай багуудыг төвөггүйхэн ялсаар аваргын төлөөх цувралд тулж ирсэн Оклахомаг гайхалтай ирээдүй хүлээж буй. Нэг ёсондоо тэднийг NBA-гийн хууччуулыг хүчтэй түлхэж орж ирсэн залуус гэж хэлж болно.
Баг нь ч шинэхэн, тоглогчид нь ч залуухан. Нэгэн цагт NBA-гийн хүчирхэг баг болох Шон Кемп, Гэри Пэйтон, Детлеф Ширемф тэргүүтэй Сиэтл Суперсониксын буурин дээр 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш Оклахома Сити Тандер баг гайхалтай амжилт үзүүлсээр байгаа. Энэхүү амжилтын ард мэдээж гялалзсан од Кевин Дюрант байгаа юм.
Дюрант тэргүүтэй залуусын хувьд Майами Хиттэй энэ улиралд ердөө хоёрхон удаа таарч тоглосон. Тэрхүү хоёр тоглолтод нэг хожиж, нэг хожигдсон үзүүлэлттэй. Тиймээс Майами Хитээс нэг их дутаад байхгүйгээр ширүүн өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой юм.
О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ