
Олон улсын хөдөлмөрийн байгууллага ОХУБ-ын санаачлагаар энэ сарын 12-ны өдрийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгож, Монгол Улс 2002 оноос хойш 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уг өдрыг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал” “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор тэмдэглэх гэж байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас уг өдөртэй холбоотой хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тус хурлаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хөдөө аж ахуйд мал маллаж буй хүүхдүүдийн боловсролд анхаарч тэднийг ерөнхий боловсролын суурь мэдлэг олж авахад туслах, хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаар мөн танилцуулсан юм. Үндэсний статистикийн хорооноос 2007 онд хийсэн судалгаагаар Монгол улсад 71330 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг болох судалгаа гаргажээ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 88,9 хувь нь ХАА-н салбарт, 90,0 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүй ажиллаж байгааг тогтоожээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ