Гал сөнөөгчид олон улсын тэмцээнд оролцоно

img

Онцгой байдлын ажилтнуудын дунд зохиогдож  буй гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ  оны улсын аварга  шалгаруулах  тэмцээн өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэлсэн юм.

Энэ удаагийн  тэмцээнд  төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж байгаа бөгөөд худалдаа үйлчилгээний  гавъяат  ажилтан  1, Олон  улсын  хэмжээний  мастер 5,  спортын мастер 23, дэд мастер 25,  спортын  1 дүгээр  зэрэгтэй 64, 2 дугаар зэрэгтэй 18, 3 дугаар зэрэгтэй 10 тамирчин оролцож  байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид энэ оны аравдугаар сард Австрали улсын Сидней  хотод  явагдах Дэлхийн   гал  сөнөөгчдийн  арванхоёрдугаар их наадамд оролцох эрхийг авах юм.  Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээний нэгдсэн дүн өнөөдөр гарах аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ