"Metals Mongolia-2011" чуулга уулзалтыг ирэх сард зохион байгуулна
2011-10-20

ЭБЭХЯ, ҮХШХ, АМГ, уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals Mongolia-2011” чуулга уулзалтыг ирэх 11 дүгээр сарын 3, 4-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга болон гишүүд өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ. Хуралд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, ҮХШХ-ны дэд дарга Л.Зориг, “Гложекс грүпп”-ийн Ерөнхий захирал Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцов. “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын зорилго нь уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Чуулганд 600-800 орчим төлөөлөгч оролцох бөгөөд үүнээс 40 гаруй хувь нь гадаадын төлөөлөгчид байх юм байна. Одоогоор нийт 16 орны 170 гаруй компанийн төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа тухай зохион байгуулагчид мэдэгдэв. Чуулга уулзалтад Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун зэрэг салбарын удирдлагуудаас гадна уул уурхай, металлургийн салбарт дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий гадаадын компаниудын удирдлагууд илтгэл тавих юм байна. Тухайлбал, Казахстаны Tau-Ken Samruk, Францын ENRC, Финляндын Outotec, Өмнөд Солонгосын POSCO, Японы Kobe Steel, АНУ-ын Бэхтел зэрэг уул уурхай, металлургийн салбарт техник технологи нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч компанийн удирдлагууд оролцож байгаа нь ихээхэн өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болохыг нотолж байна. Мөн Монголын талаас “Болдтөмөр Ерөө гол”, “Хөх ган”, “Дарханы хар төмрөлөгийн үйлдвэр”, “Оюутолгой”, “Бэрэн”, “Цайрт минерал” зэрэг нэр хүнд бүхий томоохон компаниудын удирдлагууд оролцож байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин