Б.Баярсайхан: Хилийн чанадаас эхний саналын хайрцаг өнөөдөр ирнэ

img

  УИХ-ын 2012 оны сонгуульд  гадаад улсад сурч, ажиллаж буй монголчууд   Улаанбаатарын цагаар  өнөөдөр 11.00 цагт  саналаа өгч дууслаа. Өчигдөр  орон нутгийн цагаар 07-20.00  цагийн хооронд явагдсан санал хураалтад  4320 сонгогч бүртгүүлснээс 2777 иргэн санал өгчээ.  Сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар  Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодрууллаа.

-Гадаадад амьдарч буй  монголчуудын сонгуулийн  санал хураалтын нэгдсэн дүн гарсан уу?

-Хилийн чанадад суугаа сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэдийн УИХ-ын 2012 оны сонгуулийн  санал хураалт өнөөдөр 11.00 цагийн байдлаар 64.9 хувьтай буюу 2777 сонгогч саналаа өгснөөр өндөрлөлөө. Нийт 39 салбар комисст 4320 сонгогч бүртгүүлснээс 44 сонгогчийг УБЕГ-аас бичиг баримтын зөрчилтэй гэж үзсэн байна.  Гадаад харилцааны яамнаас санал авах ажлыг зохион байгуулах комиссоос улс бүр рүү нэг төлөөлөгч очиж ажилласан.

-Саналын нууцлалыг хэрхэн хамгаалах вэ. Эхний саналын хуудас хэзээ монголд ирэх вэ?

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан шийдвэрээр “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”–ын дагуу санал хураах ажлыг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.Гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудын нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулж ажилласан. Иргэдийн өгсөн саналын  хуудсыг тусгай дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийсэн байгаа.  Эхний  саналын хайрцаг манай төлөөлөгчдөөр дамжин  өнөөдөр  Сөүлийн 17.20, Токиогоос 18.20 цагийн  нислэгээр ирнэ. Саналын хайрцгийг манай ажилтан Х.Энх-Орших бид хоёр хүлээж авна. Саналын хайрцгийг улс бүрээс энэ сарын 13-ны 23.00 цаг хүртэл хүлээж авна.  Саналыг нэгтгээд энэ сарын 14-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

-Санал хураалтын тухай мэдээллүүд  танай яамны  сайтад  шуурхай байршиж байсан.  Бэрхшээлтэй асуудал тулгарсан уу. Санал гомдол гарав уу?

-Ажлын хэсэг өндөр зохион байгуулалттай ажилласан гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар санал хураалттай холбоотой санал гомдол гараагүй байна.

-Иргэдийн зүгээс зөрчил гарсан уу?

-Иргэний үнэмлэхээ мартсан ганц нэг сонгогч байсан. Зарим иргэд санал өгөхөөр  бичиг баримтны хуулбар авч ирсэн тохиолдол бий. Хуулийн дагуу иргэний үнэмлэхийг үндэслэн сонгуулийн саналыг авсан.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ