“Спортын тайлбар...”

img

Тэмдэглэл, эргэцүүлэл

...70 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр анх удаа үзсэн гэвэл өнөөдрөөс тоолбол дөчин хоёр жилийн өмнө. Тэр үед Орбита станц дөнгөж ашиглалтад орж бид Зөвлөлтийн Төв телевизийн нэвтрүүлэг үздэг болсон байлаа. Цаг хугацаа нисэн оджээ. Тэр зун хөлбөмбөгийн дэлхийн аварга хаа холын Мексик улсад болсонсон. Бид анх удаа л телевизийн дэлгэцээр дэлхийн аварга үзэж билээ. Тэр үед мэдээлэл авдаг нь сонин, радио, телевиз байлаа. Орбита станц нээгдсэн нь бидэнд дэлхийтэй танилцах сайхан боломж нээж, хүн бүр баяртай байсан үе. Пеле, Жайрзиньо, Факетти, Хурцилова, Жордан Бенкс, Мюллер нарыг анх удаа зурагтаар үзэж байгаа нь тэр. Гайхалтай сайхан байсан. Бид бага хүүхэд байсан болохоор аавыгаа бас том ах нараа дагаж, хөлбөмбөг үздэг болсон нь тэр юм. Хотын хүүхдүүд Пеле болон Яшиныг нэрийг нь дуулсан байсан үе. Гайхамшигтай хөлбөмбөг ингэж бидний амьдралд орсон. Тэрнээс хойш хичнээн ч дэлхийн аварга үзэв. Ер нь телевизээр харуулсан ихэнх тэмцээнийг үзжээ. 74 оны дэлхийн аварга ёстой нэг усан бороон дунд болж байж билээ. Тэр зун Голландын хөлбөмбөгчдийн гайхалтай тоглолт, Иохан Круифф, Польшийн Анджей Шармах, Гжегош Лято гээд олон хөл бөмбөгчдийн нэр цээжилж уран тоглохыг нь шагшин үзэж байлаа. Усан бороотой шөнө хоёр Герман /Ардчилсан Герман, Баруун Германы багуудыг хэлж байна/ тоглоход Шпарвассерийн оруулсан гоолд жигтэйхэн хөөрч байсан даа. Тэгэхэд социалист Германы баг хожсон дуулиант явдал болсон юм. Энэ цагаас хойш хөлбөмбөгийн Дэлхийн болон Европын аварга хийгээд олон улсын бүх тэмцээнийг зурагтаар үзэж өнөөдрийг хүргэжээ. Гэрт ганц зурагттай. Намайг өдөр шөнөгүй хөлбөмбөг үзэж телевизээс салахгүй суухад ээж аав маань хорьдоггүй их л амгалан тайван улс байж. Ерөөс зурагтаар хөлбөмбөг, хоккей үзсэний хүчинд орос болон англи, герман хэлний зах зухтай болсон гэж бодохоор тийм ч муу юм болоогүй шиг. Би спортод хүүхэд байхаасаа л сэтгэл татагдсан хүн. Унгарын алдарт боксчин Ласпо Папп, Америкийн хүнд жингийн мэргэжлийн боксчин Мохаммед Али буюу Касиус Клей, Жо Фрэзер, Жорж Формен, алдарт хоккейчин Валерий Харламов, А.Якушев, Л.Мальцев, канадын мэргэжлийн хоккейчин  Фил Эспозито, Пол Хендерсон, Чехсловакийн гайхамшигт Влад Мартинец нарыг шүтээнээ болгон зургийг нь хаанаас ч болов олохсон гэдэг чин хүсэлтэй явлаа. Спорт сонирхох болсон энэ бүхний түлхээс болсон нэг хүндтэй эрхэм бий. Энэ бол Соёлын Гавъяат зүтгэлтэн орчуулагч Гүрбазарын Амар гуай юм. Би аавтайгаа хамт Г.Амар гуайнд очих дуртай байлаа. Бага байхдаа тэднийд үзсэн спортын тухай ном, альбомууд насан турш мартахгүй сайхан дурсамж үлдээсэн. 1960 оноос хойшхи олимпийн тоглолтын том том фото альбомууд үзэхэд биширмээр сайхан байжээ.Үүгээр дамжуулж дэлхийн хөгжилтэй танилцсан. Г.Амар гуайн орчуулсан Кон Тики салаар аялсан нь, Жек Лондоны “Үмх мах”, Дэнзэн Норгайн дурсамжаас Австралийн нэрт уулчин Хилларийн анх Эверестэд авирсан тухай “Цаст Уулын барс” мөн “Өргөст торон дотор” зэрэг спортын сэдэвтэй гайхалтай ном олныг уншиж биширч байв. Энэ номнуудыг уншихад Г.Амар гуайн орчуулгын гайхалтай  хэл найруулгын амт шимтийг бүрнээ мэдэрдэг. Хуучин цагийн бичгийн хүмүүсийн хэл, найруулга аргагүй мундаг байж, хэлэх юун. Тэндээс спортын сэдэвтэй уран зохиолын орчуулгын хэл найруулал, үг хэллэгийг шимтэн үзэж болно. Үүнээс гадна тэр үед “Үнэн” сонины орлогч эрхлэгч асан ахмад сэтгүүлч Дамбасүрэнгийн  Цэрэндагва гуайн “Ахмад тамирчдын өв нь үлдэг” нэртэй нэгэн номыг нэрлэх хэрэгтэй. Шинэ тулгар манай улсад 1930-аад оноос эхэлж хөгжсөн орчин үеийн спортын төрөлд анх суралцсан  ууган тамирчдын тухай их сайхан ном бичсэн нь одоо бараг үзэгдэхээ больжээ. Мөн сайхан хэл найруулгатай ном байдаг даа. Спортын сэдэвтэй  уран зохиол гэвэл манайд цөөхөн бий. Гэхдээ хэдэн сайхан ном бий. Үүний дараа 1970-аад оноос эхэлж Монгол телевизээр чөлөөт бөхийн Олон улсын Интернациональ тэмцээнийг дамжуулж эхэлсэн. Эхэн үед Намшир гуай, хааяахандаа Сэрээтэр гуай, Баянмөнх аварга хүртэл тайлбарлаж байв. Тэр үед спортын мэргэжлийн тайлбарлагч ховор байсан. Радиогоос Телевизэд ирж хааяа тайлбар болон мэдээ сурвалжлага бэлтгэдэг байсан редактор сэтгүүлчдээс Баавай гуайг зайлшгүй хэлэх хэрэгтэй. Орчин цагийн спортын мэргэжлийн сэтгүүлч  редакторын бараг хамгийн анхдагч нь хэн бэ гэвэл энэ хүнийг нэрлэнэ. Дараа нь манай үндэсний Телевизийн Хүрэлбаатар орно. Он цаг улирах тусам шинэ залуу үеийнхнээс энэ хүмүүс улам бүр холдож, мартагдсаар байна. Уг нь Радио Телевизийн спортын сурвалжлагч, тайлбарлагчдын анхдагч ахмадууд энэ л хүмүүс яах аргагүй мөнөөс мөн. Үндэсний Радио, Телевиз бол Монголд спортын тайлбарлагчдыг төрүүлсэн уурхай юм. Хурц арслан Бадамсэрээжид гуай үндэсний бөхийн тайлбар бол хэзээ ч давтагдашгүй гайхамшиг  гэж хэлмээр санагдана. Сонсох бүр эх хэлнийхээ хурц яруу дүрслэлийг мэдэрдэг байлаа. Дараа нь улсын начин Соёлын гавъяат зүтгэлтэн бөхийн тайлбарлагч Ганбаатар агсныг хэлэх хэрэгтэй, тэгээд Чанрав гуайг нэрлэнэ. Морины хувьд бас үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн гэж хэлж болох хэдэн сайхан тайлбарлагчтай байлаа. Баярмагнай гуай, Гүрбазар хоёр олон жил тайлбарласан. Өнөө цагт сэтгүүлч Цагаандалайгийн урд гишгэж тайлбарлах хүн ховор байна. Ингээд бодохоор спортын сэтгүүлзүйн радио телевизийн төрөлд хүн ховор байна. Ер нь  давтагдашгүй байх чанар агуулсан өвөрмөц онцлогтой нь спортын тайлбарлагчийн хөдөлмөр юм. Зарим улсад тусгайлан бэлтгэдэг л байх. Манайд бол авъяас чадвараараа л орж ирсэн нь олонтаа. Мэдээ, тайлбар, сурвалжлага бичдэг спортын сэтгүүлч редакторын ажил бол тусдаа ажил. Мэдлэгтэй хэл устай спортод дур сонирхолтой сэтгүүлчид аль нэг редакци телевизэд спортын сэтгүүлч болдог. Харин тайлбарлагч бол гэхэд  тэр болгон чадах нь цөөн. Зөвлөлтийн телевизээр дэлхийн спортын том тэмцээн үзэж эхэлсэн тэртээ 70 аад оноос хөлбөмбөг  хоккей тайлбарладаг Николай Озеров, Влад Перетурин, Котэ Махарадзе, Ян Спарра, Владимир Маслаченко нарыг дуу хоолойгоор  нь таньдаг байлаа. Сайн тайлбарлагчийн авъяас чадварын хүчинд тэмцээн уралдаан улам сайхан, амттай болдог. Хожим Европын улс орноор болон Америкад явахдаа бусад орны тайлбарлагчдыг харж, газар газар бас л өөр байдаг юм байна гэдгийг мэдэж ойлгосон. Латин Америкийн телекомпаниудын тайлбарлагчид хөлбөмбөг тайлбарлаж байгаа нь сонин нэн гайхалтай. Тэд маш их сэтгэлийн хөдлөлөөр талбайд болж байгаа өрсөлдөөнийг илүү чимж уран дүрслэл, дүүрэн тайлбарлаж, хөлбөмбөг хаалганд орвол гоооол гэж хэдэн минут тасралтгүй уянгалуулан дуулах шахам хурайлдаг. Анх сонсоход жигтэй санагдана. Европ Азийн тайлбарлагчдаас ялгардаг. Миний бие энд хөлбөмбөгийн тайлбарлагчдын жишээ татлаа. Ерөөс спортын төрөл зүйл бүр ялгарах онцлоготой учир түүндээ тохирсон тайлбар шаарддаг. Өнөө цагт сансрын холбооны шууд дамжуулах технологи үсрэнгүй хөгжил та биднийг дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа бүхий л тэмцээн уралдааныг хангалттай үзэх бүрэн боломжтой болголоо. Үнэндээ спорт сонирхогчдын нар нь гарсан цаг үе ирлээ. Манай улс  ч олон Телевизтэй боллоо. Дор бүрнээ л тэмцээн уралдааныг угсруулан  үзүүлж байна. Ингэхлээр спортын сэтгүүлчдийн арми нэмэгдэнэ гэсэн үг. Энэ дундаа маш чадварлаг ярьж, тайлбарлах хөтлөгч бүр шаардлагатай болж  байгаа юм. Тайлбарлагч бол тухайн уралдаан тэмцээний явцыг үзэгчдэд улам тодорхой ойлгомжтой хүргэж байгаа мэдээлэгч. Мөн спортын төрлийн дүрэм журам, онцлог хийгээд тамирчдын тухай дэлгэрэнгүй хэлж өгч, тактикийн байдлыг тайлбарладаг. Чөлөөт бөхийн тэмцээний барилдааны явцыг гавъяат дасгалжуулагч С.Магсар гуай мөн тодорхой хэлж өгдөгсөн. Их л ойлгомжтой болгодог байлаа. Энэ бол барилдааныг,,тактик,, талаас нь тайлбарласан хэрэг. Тэгвэл үндэсний бөхийг Ганбаатар уран хошин яриагаар чимж их л амт шимттэй болгож олныг хөгжөөдөгсөн. Заалны тайлбар, телевиз радиогийн “коментар” хоёр өөр л дөө. Ер нь үндэсний бөх, хурдан морь тайлбарласан олон арван жилийн туршлага байгаа учраас манайд өөрийн гэх “школа” байгаа. Байдаг учраас үндэсний спортын тайлбарлагчдын удам тасардаггүй. Тэгвэл орчин цагийн спортынх яаж байна гэвэл бас олноор төрж байна аа. Сүүлийн жилүүдэд Английн премьер Лига, Германы Бундеслига болон хөлбөмбөгийн дэлхий, европын аваргыг түлхүү үзүүлж, тэмцээн болгон та бидэнд Монгол хэлээр хүрдэг боллоо. Шинэ залуу хөтлөгчид түрэн орж ирж байна. “Боловсрол” телевиз спортын тусгай сувагтай болсон учир Америкийн сагсан бөмбөгийн /NBA/ дээд зиндааны аварга шалгаруулах тэмцээнийг гэртээ суугаад тэнд нь байгаа юм шиг үзэж байна. Бас Монгол тайлбартай үзэж байна. Бас хааяа гэлтгүй авто уралдааны хаан Формула-1, Талбайн теннисний бүх дээд ангиллын тэмцээн, Уран гулгалт, бокс, гимнастик , мотоспорт зэргийг долоо хоног бүр үзэж байна. Бүгд л монгол тайлбартай. Манайд шинэ тулгар хөгжиж байгаа бүх телевизууд боломжоороо л спорт үзүүлж тайлбарладаг. Энэ бүгд юун тухай бодоход хүргэв гэвэл спортын мэргэшсэн тайлбарлагчдын ур чадварын тухай асуудал юм. Биеийн хүчний спорт, техникийн спорт, оюун ухааны спорт гээд ангилж задалбал өч төчнөөн юм гарна. Тэр бүгдийг орчуулж Б.Ренчин гуайн нэгэнтээ айлдсанаар  “Чихнээ чимэгт аялгуу сайхан монгол хэл”-ээр тайлбарлавал юутай сайхан билээ. Гэвч манай монгол ахуй амьдралд огт байгаагүй олон олон юм байх юм аа.  Нэг удаа спорт сонирхогч хэсэг залуустай тойрч суун ярилцаж байх завсар- Ер  нь спортын бүх төрөлд тайлбар хийвэл Монгол хэлээр  уран сайхан ярьж оноосон нэрийг нь хүртэл орчуулбал зүйтэй байх гэхэд залуус-Регбиг юу гэх юм, Гольфийг, фрийстайл, кёрлингийг яах юм уран гулгалтыг өвөрлөгч монгол шиг уран халтиргаа гэх юм уу гээд ам таглаж билээ. Тийм мэт санагдавч монгол хэл хүчин мөхөсдөх хорвоо ертөнц баймааргүй санагдсан. Эх хэлнийхээ арвин баялаг, гүн гүнзгий сан хөмрөгөөс улам бүр холдож даяаршлын давалгаанд гадаадынхантай нэг завинд суугаад эх нутгийнхаа эргээс холдвол монгол хэлээр тайлбарлах юм ховордох нь өнөө үеийн залууст гарцаагүй тохиолдох нь гэж бодогдсон. Их спортод үнэхээр орчуулж хүчрэмгүй нэр томъёо эд хэрэглэгдэхүүн олон бий. Нэгэнт Монгол ахуйд огт байхгүй юмыг яах билээ, дөхүүлж буулгана уу гэхээс оноож орчуулна гэж үгүй. Гэхдээ тэртээ олон жилийн өмнө Г.Амар гуайн орчуулж спортын уран зохиолын олон ном уншихад сэтгэлд уран зураг шиг л бууж байсан. Тэгвэл үндэсний бөхийн барилдааны мэх хийж байгаа  үйл хөдлөл, хөдөлгөөн бүрийг яруу сайхан онч мэргэн  бас сонсголтой уран үгээр хэлж тайлбарлаж байгааг та бид шимтэн  сонссоор л байна. Монгол бөхийн барилдаанд 600-700 орчим үйлдэл хөдөлгөөн бий. Тэр бүгдийг мэх гэж ярих боловч тус бүрдээ нэртэй. Этэх, хавсрах, тохойлдох, өсгийдөх, хавирах, хагалах, гуд татах, зайлах, бусгах, бултах, хий гишгэх, хавсайдах гээд мөн олон сайхан үг бий. Спорт бол биеийн хөдөлгөөн тэгэхдээ эрчтэй хурдтай хөдөлгөөн байдаг. Энэ бүгдэд оноож хэлсэн сайхан  монгол хэл байна аа. Спортын тэмцээний тайлбар ярвигтай. Үйл хөдлөл бүр буюу техник тайлбарлана. Мөн тамирчны сэтгэл санааны төлөв байдал, тактик стратегийг  тайлбарладаг. Энд бас монгол хэлний оновчтой үг хэл  хэрэгтэй. Айх сүрдэх, эмээх бэргэх, сандрах, эрдэх, онгирох, хайнга загнах, хорсох, шаралхах, зүтгэх муйхарлах баярлах, хөөрөх гээд сэтгэл санааг илэрхийлсэн олон үг байна.Харамсалтай нь сонсох бүр сэтгэл хөдөлж дурайтал буух  амт шимттэй,оновчтой сайхан үгээр ярьж байгаа залуу тайлбарлагч үнэхээр алга байна даа. Монгол үндэстэн байгаа цагт монгол хэл мөхөх учиргүй. Өнөө цагт бараг өдөр бүр хөлбөмбөгийн тэмцээн үзэх боллоо. Энэ бол дэлхийн түг түмэн үзэгч хөгжөөн дэмжигчдийг байлдан дагуулсан “Хаан спорт” Олон залуу хөтлөгч бий болж тэмцээн бүрийг эх хэлээрээ  бидэнд хүргэж байна. Монголын телевизүүд спортын тайлбарлагчдын шинэ залуу үеийг өсгөн бойжуулж байна. Залуу сэтгүүлчдэд спортын бүх төрлийг монгол хэлээр тайлбарлах нэгдсэн толь бичигтэй болох асуудал урган гарна. Энэ зун Зуны олимпийн 30-р наадам Лондон хотноо эхэлнэ. Тэр олон спортын уралдааныг үзэгчиддээ хүргэнэ. Монголоор тайлбарлаж таарна. Гадаад үг, нэр томъёо давамгайлсан хэлээр ярих нь монгол үндэстэн даяаршиж буйн хэрэг боловч хэл ус маань  ягтаа тултал мөхөсдсөнийх байж таарамгүй санагдана. Бид хэл шинжлэлийн эрдэмтэдтэй, аман билэг авъяастай мэргэдтэй. Энэ тухай ярилцах цаг болсон санагддаг Залуус спортоор дамжуулан дэлхий ертөнцийн амьдрал руу ордог. Спорт бүхнийг нэгтгэгч гайхалтай хүч юм. Ялангуяа хөлбөмбөг сая сая залуусыг нэгтгэдэг. Хөлбөмбөг та бидний амьдралд  сүүлийн үеийн мэдээ шиг чухал болжээ.  Телевизийн өмнө хэдэн цагаар сууж эх Монгол хэлээрээ тайлбарлуулахад бүр ойлгомжтой болсон юм. Английн алдарт Битлз хамтлагийн  дуунууд манайд нэвтэрсэн ч хөлбөмбөгийн хэмжээнд хүрээгүй байх Бас Битлзийг тайлбаргүй сонсдог. Тэгвэл спортын хаан хөлбөмбөгийг бүгдээрээ л үзэж байна.Хөл бөмбөг үзэхэд монгол тайлбараас байнга сонсогдох болсон нэлээд хэвшмэл хэллэгтэй болжээ. Хоёр багийн нэгний нь довтолгоонд- Хөндлөн дамжуулалт хийлээ л гэдэг.  Монгол хүн хөндлөн гулд гэж ярьдаг. Хөндлөн гулд гэвэл арай дөхөм мэт. Угаас даялуулсан, чигээр өгсөн , хажуу тийш, урагш хойш өгсөн явсан дамжуулсан  гэсэн хэдэн чигтэй  л байдаг. Бүр нарийн асуувал  дамжуулалт хийсэн гэх үү , дамжууллаа гэх үү... Та бид хоол идэж байхдаа халбагдлаа, сэрээдлээ, савхадлаа гэдэг. Тэрнээс биш халбагадалт хийлээ, сэрээдэлт хийлээ гэж ярьдаггүй. Хүчтэй өшиглөх, оновчтой оновчгүй мөргөх, дамжуулах, хаалга давуулах, хажуугаар нь гаргах, бөмбөг залах, хөөх өрсөлдөгчөө хуурах тэгэхдээ биеийн  займчсан хөдөлгөөнөөр болон  зайлж бултсан хөдөлгөөнөөр хуурна /үүнийг оросоор финт гэдэг /.Тэгвэл хөлийн хөдөлгөөнөөр буюу хөлөөрөө хуурахыг дриблинг гэнэ/хөлөөр л гэж хэлж болмоороо. Хэвтэж байгаа тамирчин янз бүрийн авир үзүүлдэг. Зарим нь худлаа баашилдаг. Үнэхээр ярвайдаг нь байхад, янгуучилж байгаа нь ч харагддаг. Манай залуу тайлбарлагчдын ярианд ийм үг ховор л дуулддаг. Хүнд бэрх үед тэвчээртэй тамирчид байдаг. Ёстой шүд зууж байна даа гэхэд л болохоор юм зөндөө гарна. Зальтай, овжин, овсгоотой, шуурхай, түргэн, гялалзуур, хойрго, хөшүүн, хөдөлж ядсан гээд зан байдал авир хэлсэн олон сайхан үг сонсогдохгүй л байгаа юм. Орос англи тайлбарлагчид хөлбөмбөгийн талбайд өндөрт үсэрч толгойгоороо мөргөж байгаа чадварлаг тамирчдыг “хорошо играем на воздухе” юм уу “на втором этаже” гэдэг. Үүнийг хоёрдугаар давхарт сайн тоглолоо гэж хэлэх аргагүй. Ер нь эрт дээр цагаас манайд хоёр давхар гэхээр өндөр юм байгаагүй болохоор дээшээ үсрэх, өндөрт үсрэх л гэж мэддэг байлаа. Одоо байшин савтай болж хоёр байтугай давхарт суух болсноор өндрийн тухай өөр ойлголттой болжээ. Хөл бөмбөгт \хоёрдугаар давхарт сайн тоглолоо гэж хэлж болохгүй байх. Харин –Их дээр үсэрч толгойгоороо мундаг мөргөдөг өө гэвэл арай дээр сонсогдох байх. Хөл бөмбөгийн залуу тайлбарлагчид “хүчтэй цохилоо, цохилт хийлээ” гэдэг. Монгол хүн гараараа цохиж, толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөдөг. Тэрнээс биш хөлөөр цохидоггүй. Мод, чулуу, төмрөөр бол цохиж болно. Уг нь европ чигийн хэлний илэрхийлэл, үг сонголт зэрэг нь агуулгаараа нэг юм илэрхийлж байвч, хэлдэг үг нь өөр юм. Тайлбар ярианд  сонсоход зугаатай хөгтэй бас сонин содон үг хэлэхэд аятайхан санагддаг. Жишээлбэл залуу тайлбарлагч жүжигчин найруулагч Энхбаяр, Премьер-лигийн тэмцээнийг үзэгчдэд сонирхолтой аятайхан хүргэдэг. Урлагийн хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэр “хачиртай бөмбөг” гэсэн шинэ нэр томъёо бий болгосон.  Сонсоход аятайхан зүгээр шүү. Хааяа нэг тухайн тайлбарлагчийн өвөрмөц онцлогийг харуулсан ийм юм байхад болдог. Ер нь хачиртай бөмбөг гэдэг хэн нэг тоглогчийн хөлнөөс нь эсвэл хаалганы шонгоос ойж чиглэлээ өөрчилсөн “төөрсөн бөмбөг” юм. Хөлбөмбөгч талбайд бишгүй л унаж харагддаг. Гишгэдэл алдсанаас, буюу хазгай гишгэснээс, бүдэрснээс тэнцвэр алдаснаас мөргүүлснээс, шүргүүлснээс дэгээдсэнээс болж л унадаг. Амьтан хүн унахдаа шургаж, савж, годройтож, элгээрээ, хажуугаараа, нуруугаараа унана сөхөрнө. Чанрав гуай монгол Бөхийн барилдааныг сайхан яруу тайлбарладагсан. Хүний биеийн үйлдэл хөдөлгөөнийг онож  ямар үгээр яаж хэлж болдгийг яруу тод үзүүлж  байжээ. Спортын тайлбарт тайлбарлагчийн сэтгэлийн хөдлөл гэж чухал юм бий. Одоо Балжиннямын тайлбарлаж  байгаа нь хэн хүний сэтгэлийг хөгжөөн баясгадаг. Энэ бол бас нэг төрлийн уран чадвар бас авъяас. Тэгвэл Батзаяа Английн хөлбөмбөгийг Британик  нэвтэрхий толь эргүүлж байгаа мэт тайлбарлана. Шинэ залуу үе өсч өндийж  байна. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөөс манайд их юм нэвтэрлээ. Спортын түмэн янзын төрлийг бид телевизийн дэлгэцээр шимтэн үзэж байна. Монгол хэлний арвин баялаг сан яруу тансаг нь энэ бүхний өмнө хадмал орчуулгын хүчирхийлэлд автамгүй санагдана. Иймд спортын тайлбарлагчдын Монгол хэлний нэгдсэн толь бичиг хэрэгтэй мэт бодогдох боллоо. Нэг удаа дэлхийн нэртэй хөлбөмбөгч Леонель Месси баахан бужигнасан олны дунд самбаа үзүүлж тэрхэн зуур өөрт нь ирсэн бөмбөгийг нүд ирмэхийн зуур гялсхийтэл хөдөлж толгойгоороо урьтаад мөргөчихөж билээ. Тэгтэл нэг залуу тайлбарлагч Месси ухаалаг мөргөлөө гэж хэлж билээ. Угтаа бол тэр бужигнасан олны дундаас урьтаж мөргөх нь овсгоо самбааны хэрэг  байсан болохоос ухаараад мөргөж байх хугацаа түүнд үнэндээ байгаагүй юм. Энэ мэт юм ярьвал их юм бий. Сая сая үзэгч хөгжөөн дэмжигч сэтгэл хөгжиж Евро 2012 хэмээх энэ сайхан тэмцээнийг үзэх буй заа. Бид ч бас төрөлх монгол  тайлбартайгаар энэ нэр хүндтэй тэмцээнийг шимтэн үзнэ. Спорт хүн төрөлхтөнийг нэгтгэдэг. Түүх соёл, уламжлалыг нь бас баяжуулж хөгжүүлж байдаг. Бидэнд бодох юм их байна. Эхлүүлэх юм ч их байна. Телевизийн сэтгүүлч  Г.Золжаргал /СГЗ/  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ