Улсын яллагч чиг үүргийнхээ дагуу ажилласан гэв

img

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д нэр дэвшигчээр бүртгээгүй асуудалд улсын яллагчийг буруутай гэсэн мэдээлэл сүүлийн үед  цацагдаад байгаа юм. Эл мэдээлэлд нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсай дараахи тайлбарыг өгчээ.

-Н.Энхбаяр ТВ-ээр мэдэгдэл хийхдээ прокурор, шүүхийн бичгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж, өөрийг нь Улсын Их Хуралд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа хэмээн та бүхнийг буруутгасан. Энэ талаар тодруулна уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын байгууллагын тухай хуулийн 2 зүйлд прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шүүхэд хэрэг нь нэгэнт шилжиж, шүүгдэгч болсон Н.Энхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс улсын яллагч шүүхэд хандсан юм.

-Н. Энхбаярт холбогдох асуудлаар заавал шүүхэд бичиг хүргүүлэх шаардлагатай байсан юм уу?

-Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүх анхан шатны шүүх хуралдаанаар Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчээс өөрөөс нь шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс улсын яллагчийн хувьд албан үүргийнхээ дагуу шүүхэд хандсан болно. Сонгуулийн ажлын дундуур хуулийн байгууллага оролцоогүй харин шүүн таслах ажиллагаа үргэлжилж байх явцад сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Н.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ