Эзэнгүйдүүлэх бодлого, эзэнгүйдсэн эх орон

img

Нулимсаа тэвчин харийг зорьсон монгол залуус Солонгост ажиллах 10 мянган монгол залууг маш нарийн шалгуур тавьжээ. Тухайлбал 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.  БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу аваагүй, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨвчингүй байх/ шаардлага тавигдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насан дээрээ яваа эрүүл саруул, биеэ зөв авч явдаг залуусыг шигшин гадагш нь хөдөлмөрийн хүч болгож илгээж байна. Хүн ам цөөтэй монголчууд бидний хувьд хэдэн удаагийн 10 мянга гэдэг асар их тоо. Ажиллах хүчин авахдаа 70-80 хувь нь эрчүүд байдаг. Хатуухан хэлэхэд монголд хүүхэд эмэгтэйчүүд, хэдэн хөгшид л үлдэж байна. Эздийг нь үгүйд эзгүйчилсэн Хятад Сү.Батболдын засгийн газар НХХ-ийн сайд, МАН-ын урдаа барьдаг эмэгтэй лидер Т.Гандигийн “хүчин зүтгэл”-ээр 278-р тогтоолыг  баталсан. Энэхүү тогтоолд 4430 нарийн мэргэжлийн хятад ажилчдыг Монголд урьж ирүүлэх тухай заасан байдаг. Гэтэл дөрвөөр тогтохгүй мянган “хар ажилчин” орж ирсэнээр зогсохгүй хууль бус орогногчдын тоо хувь илүү давжээ. Хятад ажилчид ирээд монголчуудыг бүлэглэн зодов, машинаар дайрав, монгол охидыг хүчиндэв гэх сайнаасаа илүү саар мэдээ сонсогдсоор байна. Эх орондоо амар тайван амьдрах Монгол хүний эрх гэж хичнээн тэмцээд ч тусыг олсон нь цөөхөн.  Монголчууд бид хилээ нээлттэй болгосноос хойш ийм олон хятадууд нэгэн зэрэг орж ирж байхыг өмнө нь харж байсангүй. Өөрөөр хэлбэл монголын хөдөлмөрийн насны залуусыг Солонгос руу ажил эрхлүүлэх нэрээр гаргаж оронд нь ямар ч боловсролгүй эх орондоо ял зэм сонсож байсан, зарим нь оргон зайлсан хятадуудаар дүүрэх аюул нүүрлэж байна. Засгийн газрын хувьд элдэв албаны үг хэрэглэн сайхан нэр томьёо дурдах авч бодит байдал  дээр нөхцөл байдал ийм л байна. Хүсвэл хамтад нь явуулах нэмэлт заалтыг оруулах хэрэгтэй Үүнээс үүдэж эдийн засгийн болоод улсын аюулгүй байдлын хэм хэмжээ ноцтойгоор алдагдаж байна. Өнгөрсөн оны тоо баримтыг сөхвөл манай оронд түр болоод бүр оршин сууж байгаа 30 орчим мянган гадны иргэн байна гэсэн мэдээлэл байдаг. Үүний талаас илүү хувийг хятадууд дангаараа эзэлж байна. Оронд нь 10 мянган монгол залуусыг Солонгос руу цөлөх бүртгэл эхлэв. Хамгийн эмгэнэлтэй нь солонгос руу шилдэг залуусаа илгээсний үр дагавар нь сэтгэл эмтэрмээр. Гэр бүл салалт, өнчирсөн, эцэг эхийн хайраар дутсан тавиул хүүхдүүд ихэссээр. Солонгос руу гэрээгээр ажиллах хүч явуулахдаа хуулиндаа гэр бүлийн хоёр хүнийг “хамтад нь” явуулахгүй гэсэн заалт байдаг. Эрүүл ухаанаар бодож үзэхэд ч хамгийн “тэнэг” заалт юм. Хүн дуртайдаа харийн газар очиж хар хөдөлмөр эрхлэхийг хүсдэг гэж үү? Үгүй. Ам нь өмөлзөх нялх үрээ өлсгөхгүйн тулд, жаргаана гээд авч суусан хүний бүсгүй үрийг гудамжинд хонуулахгүйн тулд “тэд” нулимсаа тэвчин байж эх орноо орхидог.  Нэг насаараа улс эх оронд зүтгээд ч орон гэртэй болж чадаагүй эцэг эхээ харж харуусахдаа, өөрсдийнхөө хүүхдийг ийм зовлон битгий амсаасай гэсэндээ тэд явдаг. Эцсийн дүндээ бие холдвол сэтгэл холдоно. Хүн юм чинь тэр олон жил нэг нь энд, нөгөө нь тэнд ганцаар байж  яаж насыг элээх вэ? Дунд нь хүүхэд өнчирч, бүтэн бүлээн хайрыг мэдрэлгүй өснө. Ингэж өссөн хүүхэд дахиад л ийм амьдралыг давтах болно. Нэгэнтэй л сэтгэл шулуудаад харийг зорин  хөдөлмөр эрхлэхээр болсон хүмүүсийг хоёр тал харилцан хүсвэл гэр бүлээр нь явуулдаг байх хэрэгтэй. Гадаадад ажиллах хүч гаргах хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн биржтэй нь тохирох хэрэгтэй.  Энэ эх оронд чинь хүнээс илүү эрдэнэ бий гэж үү? Хүн байхгүй бол төр үл оршино бус уу? Хэлсэн ярьсан шигээ хийдэг болчихвол эх орноосоо алхам ч холдохыг хүсэхгүй биз. Бодит байдлаас тасарсан үнэлэлт ... “Гол нь Европын холбооны улс орнуудад ажилгүйдэл буурах бус харин жил бүр өсөх хандлагатай байна. Харин манай улсад эсрэгээрээ өсч байна.  Испанид зөвхөн энэ оны гуравдугаар сард 40 мянган хүн ажилгүй болсон байхад Монголд зөвхөн он гарснаас хойш 70 мянган иргэн ажилтай болжээ. Энэхүү бодит харьцуулалтын цаана аль орных нь эдийн засаг өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь тодорхой харагдана.” гэсэн энэ мэдээлэл ташаа аж. Хэрэв үнэхээр ажилгүйдэл буурч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа юм бол хайран сайхан залуусаа харь нутагт илгээх хэрэгтэй гэж үү? Тэд худал амлалтаас залхсандаа  эх орондоо амьдраад олж чадахгүй мөнгөний төлөө сэтгэл юугаан уран байж одно. Эх орны баялаг эрдэнэт хүмүүн гэж бодном. Бодит байдал Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 мянган хүн буюу 35.9 хувиар өсчээ. Харин үүний эсрэгээр нийгмийн халамж тэтгэвэрт 2012 оны эхний 5 сард 53.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс  1.7 мянган хүн буюу гурван  хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.6 сая төгрөг буюу 41.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн  “Хүний хөгжил” сангаас мөн хугацаанд 308.4 тэрбум төгрөгийн хишиг хувь олгосон гэсэн бодит тооцоог гаргасан юм. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ