Монголдоо хятадуудад зодуулсаар байх уу
Өнөөдөр дэлхийд 18-аас доош насны 246 сая гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дөрөвний гурав нь буюу 180 сая хүүхэд аюултай, аминд халтай нөхцөлд ажиллаж байна. Ихэнх нь сурч боловсрохоос хоцрогдож, бие махбодь, сэтгэл зүйн, бэлгийн мөлжлөгт өртжээ. Мөн хүнд хүчир хөдөлмөрийн улмаас тахир дутуу болж, нас биед хүрэхээсээ өмнө амь насаа алдах тохиолдол ч бий. Олон хүүхэд аймхай, сэтгэл зүйн хувьд сул дорой болдог. Хүүхдийн хөдөлмөрийн хүнд хэлбэрийг та олж хараагүй байж болно. Учир нь тэд олны хараанаас далд гэрийн ажил, бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэх, далд уурхай, тоосгоны үйлдвэрт ажиллах зэрэг хөдөлмөр эрхэлдэг. Тийм хүүхдүүдийн хөдөлмөрийг ил гаргаж л нийгмийн энэ хэнэггүй байдлыг өөрчилж чадна.
Хөдөлмөрийн тухай хуулиар 13 настай хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Зөвхөн 14 насанд хүрсний дараа эцэг эхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд тодорхой цагаар ажиллах эрхзүйн орчин бүрддэг. Насанд хүрээгүй хүүхдий хөдөлмөрийн тухай хуульд "18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ” гэж заасан байдаг.
Гэтэл нийслэлийн Налайх дүүргийн “Топ” тоосгоны компанийн хятад ажилчин 16 настай хүү Казырбэк хүүгийн зүүн шилбийг хугалсан хэрэг зургадугаар сарын 7-ны өдөр гарч, өнөөдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд мэс заслын хагалгаа хийлгэж байна. Хүүгийн гэмтсэн хөл одоо зөвхөн шилбэний арьсандаа дөнгөж тогтож байгаа юм.
Эмгэнэлт энэ хэрэг гарах болсон шалтгаан нь гуравхан ширхэг тоосгоноос үүджээ. Тус тоосгоны үйлдвэрт насанд хүрээгүй хүүхдүүд зуны амралтаараа ажилладаг бөгөөд тэр өглөө тоосго зөөдөг трактор дээрээс сайн дадлагажаагүй охин гурван ширхэг тоосго унагасан байна. Гэтэл Жан гэгч хятад эзний эхнэр ихэд уурлаж, охиныг элдвээр доромжлон зодоход түүнийг харж тэвчээгүй монголчууд охиныг өмөөрснөөр үйл явдал хурцаджээ. Ингээд зугтаж яваа хүүхдүүдийн араас шидсэн том чулуунд оногдсон Казырбэк хүүгийн зүүн хөлийн шилбэ хугарчээ. Түүний найз бас толгойгоо хагалуулах шахсан байна.
Хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандахад удаа дараа байцаалт авсан боловч эмчилгээний нөхөн төлбөр, гэмт этгээдэд хуулийн хариуцлага тооцсон эсэх асуудал одоо хэр шийдэгдээгүй байна. Эх орондоо байгаа монгол хүний амь нас, эрүүл мэнд ийнхүү гуравхан ширхэг тоосгоноос илүү хямдхан байна гэж үү. Өнөөдөр Монгол Улсад манай хүн амын гурван хувиас давсан гадны ажилчдын уур омог хэрээс хэтэрч байна.
Айхгүй ч гэлээ аягүй гэсэн үг байдаг даа. Тэд харин бүр оодорч байна. “Мөнгөгүй ч гэсэн эх оронтой хүн дээ би” гэж аархаж ярих халамцуухан эрчүүдийн яриаг цөөн биш сонсож байлаа. Харийн хүн эх оронд минь ирчихээд элэг нэгтнүүдийг минь ингэж хүчирхийлээд байхад эх орондоо амьдрах итгэл арагш алхана уу... гэхээс урагш тэмүүлэхгүй биз.
Хэрэв хуулийн дагуу эрүүгийн хариуцлага тооцвол Хятадын “Топ” тоосгоны үйлдвэр насанд хүрээгүй хүүхдүүдийг хуулинд зааснаас, хүнд нөхцөлд илүү цагаар ажиллуулсан,бүлэглэн хүнд хүчирхийлэл үйлдсэн, хэл амаар дайрч доромжилсон зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүснэ. Монгол улсын засгийн газар, хууль хяналтын шат шатны байгууллагууд элэг нэгтний сэтгэлээр хандаж, хуулийн дагуу шударга шийдвэр гаргаж, харь орны хар явдалтнуудад хариуцлага тооцоосой гэж хүсч байгаагаа хүүгийн ээж Кульнаар илэрхийлсэн юм.
Өнөөдөр /06-р сарын 12-ны өдөр/ хүү хүнд хэлбэрийн хагалгаанд орох гэж байгаа юм. Хагалгааг гэмтэл, согог судлалын клиникийн их эмч Д.Мөнхбаяр ахлан гүйцэтгэх юм байна. Хагалгааны төлбөр болох 1 сая төгрөгийг “Топ” компанийн зүгээс гаргаж байгаа юм байна. Хүүгийн ээж Кульнар ямар ч мөнгөөр миний хүүгийн хөлийг нөхөж барахгүй. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдүүлж, оноогдох шийтгэлийг нь үүрүүлнэ гэсэн юм. Одоогоор тус компанийн үйл ажиллагаа түр зогссон байна.
Уг асуудал зөвхөн хөлөө хугалуулсан хүү, хүүгээ өрөвдөх эх хоёрын асуудал биш. Монгол улсын тусгаар тогтнол, эрх эрх чөлөөний ойлголтод хамаарах асуудал. Монголын шүүх, цагдаагийн байгууллагууд Монгол хүний эрхийг хуулийн дагуу хамгаалж чаддаг уу? Харийн мөнгөнд үнэгүйдэж, хүчгүйддэг үү гэдгийг харуулах анхаарал татахуйц асуудал юм.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ