
Хойд Солонгост нөхцөл байдал ширүүслээ. Саяхан албан ёсоор цөмийн зэвсэгтэй орноор тодорсон тэдний хувьд сүрдүүлэгч орон гэсэн тодорхойлолтыг авсан талаар олон улсын хэвлэлүүд онцолсоор байна.
Цөмийн зэвсэгтэй, ядуу буурай, хаалттай гэсэн тодорхойлолтод шинэ удирдагч Ким Чен Ун өөрчлөлт хийгээсэй гэж дэлхий нийтээр хүсч, байр сууриа илэрхийлдэг. Залуу удирдагч өөрийн эцгийн үхлээс хойш юу хийж бүтээв. Одоогийн байдлаар ган гачигт нэрвэгдсэн, хоол хүнс тааруу, янз бүрийн цөмийн зэвсгийн сүрдүүлгээр дүүрэн улс болоод байна. Тус улсын төрийн төв хэвлэл болох “Нодон Синмун” сонинд Ким Чен Уныг улс орноо “Мөнхийн ялалтад хүргэх удирдагч” хэмээн магтан дуулж байсан.
Өмнөдийхөн залуу удирдагчийг эцгийгээ нас барсны дараа арми дотор цэвэрлэгээ хийж эхэлсэн талаар мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эцгийн гашуудлын үеэр нэгэн генерал халамцуу байж. Үүнээс эхлэн нийт цэрэг армийн 30 гаруй дээд удирдлага, дарга нарыг цэвэрлэсэн аж.
Мөн армийн зарим дарга ор сураггүй алга болжээ. Магадгүй түүнийг улс төрийн эргэлтээс сэрэмжилж ийнхүү үгүй хийсэн байж болзошгүй гэсэн юм. Ким Чен Ун төрийн эрх мэдлийг гартаа авч, анхныхаа тушаалыг улсынхаа зэвсэгт хүчинд хандан гаргасан юм. Тэрээр Ким Чен Ирийг нас барсан тухай олон нийтэд зарлахын өмнө цэргийн бүх анги нэгтгэлийн сургуулилтыг цуцалж байрлалд нь буцаан, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тушаал гаргасан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлж байсан.
Ким Чен Уны энэхүү тушаал нь төрийн удирдлага солигдох үед ямар нэгэн болзошгүй төрийн эргэлт, мөргөлдөөн, зэвсэгт үйл ажиллагаанаас сэрэмжилсэн алхам хэмээн өмнөдийнхөн таамаглаж байлаа. Одоо улс төрийн нөхцөл байдал ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, ган гачгийн улмаас гадаадаас авдаг байсан хүнсний тусламж бүр мөсөн зогсжээ.
Ард иргэд өдөр хоногийг атга будаа, үмх мах, аяга усаар аргацаадаг болсон талаар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид CNN агентлагаар мэдээлж байсан. Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн нам болон улс орны удирдлагыг хамтын хүчээр удирдах арга барил нь өмнөх удирдагч Ким Чен Ирийн үеэс эхэлсэн гэж ажиглагчид үздэг. Тэр ч утгаараа Ким Чен Ун эрх мэдлийг ганцаараа гартаа атгахгүй, харин улс төрийн хамтрагчтай болж байгаа гэсэн мэдээлэл гарах болов.
Хамтрагч болох хамгийн магадлал өндөртэй хүн нь түүний нагац ах Чан Сун Тек. Тэр олон жилийн өмнөөс Хойд Солонгосын хүчний байгууллага болон намын удирдлагын аппаратад ажилласаар ирсэн хашир туршлагатай нэгэн. Хэрэв түүнийг залуу удирдагчийн “дасгалжуулагч” гэж үзэх юм бол хамтын удирдлагын эхлэлийг тавьсан нагац ахын туршлага Ким Чен Унд найдвартай тулгуур болно хэмээн ажиглагчид үзэж байна.
Чан Сун Тек нь одоо 65 настай, Ким Чен Ирийн эхнэрийх нь ах буюу Ким Чен Унын нагац ах юм. Товчхондоо Чан Сун Тек нь намын удирдлагын бүтцэд удаан жил ажиллахдаа прокурор болон цагдаагийн газрын ажилд хяналт тавьдаг байжээ. Мөн дотоодын тагнуулын албыг хариуцдаг байв. 2009 онд улсынхаа удирдлагын гол байгууллага болох Улсын дээд зөвлөлийн үндэсний батлан хамгаалах хорооны гишүүн болсон.
Эх орноосоо урван тэрсэлсэн хүнд ялын дээд хэмжээ өг гэсэн тушаалыг Ким Чен Ун доод албатууддаа өгсөн талаар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан. Умард Солонгост улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог зургаан томоохон лагерьт ойролцоогоор 200 мянга гаруй хүн тэрс үзэлтэн хэмээх нэрийн дор хоригдож байна.
Ямартай ч нөхцөл байдал хурцдаад байгаа тус улсын ирээдүй цөмийн зэвсэгтэй шууд холбоотой. Тэр ч утгаараа аливаа шийдвэр, улс төрийн бодлогод хамгийн их анхаарал хандуулж болгоомжтой байх нь зөв гэсэн дүгнэлтийг олон улсын ажиглагчид цаг үргэлж сануулсаар байна. Хойд Солонгосын Пионерын байгууллагын 66 жилийн ойн баярын талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүмжилсэн тайлбар хийсэн нь тэдний дургүйцлийг хүргэжээ. Тиймээс өмнөдийн гурван сонины редакц, гурван телевизийн суваг болон нэг радио станцад агаараас цохилт өгөх талаар Пхеньян мэдэгдсэн байна.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ