2779 иргэний саналыг 28-ны орой задална

img

Манай улс анх удаагаа хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг 2012 оны УИХ-ын сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулсан билээ. Энэ талаараа өнөөдөр Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг болон СЕХ-ны гишүүн, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, ГХЯ дахь Сонгуулийн комиссын орлогч дарга Т.Билэгт нараас зарим зүйлийг тодрууллаа. -Гадаадад амьдарч байгаа нийт хичнээн иргэн саналаа өгөв. Саналын хайрцгийг эхнээс нь авчирч байгаа гэсэн. Хэзээ гүйцэт ирж, дуусах вэ? -Нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн 39 салбар комисс ажиллаа. Өнгөрсөн сарын 11-нээс 30-ны өдрийг дуустал сонгуульд оролцохоор 4320 иргэн бүртгүүлснээс УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган, 4276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан.  Санал хураалтын ажиллагаа 39 салбар комисст суугаа орнуудын цагаар зургадугаар сарын 10-ны өдрийн 07.00- 20.00 цагийн хооронд явагдаж, эцсийн байдлаар нийт 2779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгсөн.  Энэ нь сонгогчдын 65 хувь болж байна. Санал хураалт цагийн бүсийн зөрүүнээс хамаарч Австрали Улсын Канберра хотод хамгийн түрүүнд эхэлж /Улаанбаатарын цагаар 05.00/, АНУ-ын Сан Франциско хотод /Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг/ дууссан. Салбар комиссууд сонгогчдын битүүмжилсэн саналын хуудсыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн төв комисст ирүүлж эхлээд байна. Одоогоор  Сөүл, Токио, Осака, Улаан-Үд, Эрхүү, Кызыл, Хөх хот, Эрээн дэх салбар комиссуудаас сонгогчдын саналын хуудас ирсэн. Вашингтон дахь салбар комисст саналаа өгсөн иргэдийн саналын хуудас хамгийн сүүлд буюу 13-ны орой ирнэ. -Сонгуулийн үеэр ямар нэгэн зөрчил гарсан уу? -Ямар нэгэн маргаан зөрчилгүй, хэвийн явагдсан. -Өчигдөр зарим нэг намынхан захилгат нэвтрүүлгийнхээ үеэр "Гадаад байгаа монголчуудын 80 орчим хувь манай намд саналаа өглөө" гэсэн мэдээллийг цацаж байсан. Санал өгсөн байдлыг мэдэх боломжтой юм уу? -Тэр боломжгүй. Иргэдийн өгсөн саналыг дугтуй дотор хийгээд саналын хайрцагт хийж битүүмжилсэн байгаа. Тиймээс салбар комиссуудаас ирүүлсэн саналын хуудсыг битүүмжилсэн байдлаар нь төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч, саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу энэ сарын 28-ны өдөр тоолно. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулан саналын хайрцгийг задлана. Тиймээс дээрх мэдээллийг хийсэн хүмүүс хариуцлагагүй мэдээлэл хийсэн байна. -Хилийн чанадад манай улсаас 150 гаруй мянган иргэн амьдарч байгаа гэсэн тоо байдаг. Гэтэл дөнгөж 2779 иргэн санал өгсөн нь хангалтгүй юм биш үү? -150 гаруй мянган иргэн байгаа гэдэг. Эдгээрээс 30 мянга нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байдаг. Энэ хүмүүсээс сонгуульд санал өгье гэж бүртгүүлсэн нь 4320. -Ийм цөөхөн хүн санал өгсөн нь ЭСЯ-нуудын үйл ажиллагаа ямар байгааг харуулж байна хэмээн хүмүүс үзэж байна. Тухайлбал, яамдуудын хүнд сурталтай холбоотой гэж байна. -Салбар комиссууд ажиллах журмаараа ажилласан. Иргэдийг заавал биеэрээ ирж бүртгүүлэх шаардлагагүй.  Электрон болон энгийн шуудангаар, түүнчлэн факсаар гадаад паспортынхаа хуулбарыг ирүүлэх боломжтой байсан. Гэсэн дээрх тооны иргэд бүртгүүлсэн. -Гадаадад байгаа иргэдээс санал авахад хичнээн төгрөг зарцуулсан бэ? -300 сая төгрөг   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ