
Нийслэлийн Сонгуулийн хороо /НСХ/ өнөөдөр хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцсэн байна. НИТХ-ын сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Хуулинд заасан хугацаанд буюу өчигдөр оройн 24.00 цагаар нэр дэвшигчдэд үнэмлэх олгох ажлыг тасалбар болгож, 331 хүнд НИТХ-д нэр дэвших батламжийг гардуулан өгчээ. НСХ тавдугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан өдрөөс хойш байгууллага, иргэдийн 15 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
НИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33.10-т сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хууудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн тавдугаар сарын 15-ны дотор тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар дөрвөн дүүрэг байршил тогтоосон тогтоолоо ирүүлжээ. Хан-Уул дүүрэг 113, Сонгинохайрхан 1380, Сүхбаатар 336, Баянгол 460 байршилд нэр дэвшигчид сурталчилгаагаа байршуулах боломжтой гэжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажилладаг 2600 гаруй сурталчилгааны самбар бий. Эдгээр нь бүгд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшлийнх байдаг. Эдгээр самбарт сурталчилгаагаа байрлуулахыг хүсэгчид тухайн аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй гэрээгээ байгуулах шаардлагатай. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоож өгч буй байршил бол сурталчилгаагаа байршуулж болох байршлыг нь зааж өгч буй болохоос самбарын тоог заасан хэрэг биш. Гэвч зарим дүүрэгт аль байрлал сайтай газруудыг нь мөнгөтэй боломжтой хүмүүс авчихсан асуудал үүсээд байгаа. Иймээс хуульд заасан эрх тэгш байдлыг хангах үүднээс сурталчилгаа байршуулж болох байршлын судалгааг дахин хийж, ирэх нэг дэх өдөр гэхэд бүх дүүргүүд байршил тогтоосон ИТХ-ын Тэргүүлэгчдийнхээ тогтоолыг ирүүлж эцэслэхийг НСХ-ноос даалгалсан байна.
Дүүргүүдээс тогтоож өгч буй байршлууд дээр зөвхөн хуульд заасан хугацаанд сонгуулийн сурталчилгааны самбарыг түр байрлуулах бөгөөд сурталчилгааны хугацаа дуусмагц буулгах юм.
УИХ, НИТХ-ын сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох агаад санал авах байруудыг камержуулах юм. Энэ ажлыг хариуцаж буй Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулахаас 110 хэсгийн хорооны камерийг интернетэд холбох, 250 хэсгийн хороонд санал авах байрны гадна дэлгэц байрлуулах, олон нийтийн эзэмшлийн талбайд буй томоохон дэлгэцээр дамжуулах гэсэн гурван шийдлээр иргэдэд сонгуулийн санал хураах явцыг хүргэхээр ажиллаж байгаа гэдгээ хэллээ. Хяналтын камер нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан бөгөөд суурилуулах ажлыг 14-нөөс эхэлж 24 гэхэд дуусгах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ