
Хөдөөний оюутан ээждээ нэг өдөр гурван мессеж илгээжээ. Эхнийх нь, байрны түрээсийн мөнгө яаралтай шилжүүлээрэй. Таны бие сайн уу? Дараа нь, ээж моби нэгж явуул, аавын ажил сайн уу? Сүүлчийнх нь, таныг хонхны баяртаа урья, ахиухан мөнгөтэй ирээрэй. Эдгээр мессежийн агуулга бүх оюутанд хамаарахгүй ч ерөнхийдөө түгээмэл шинжтэй.
Өнөөдөр Монголд улсын хэмжээгээр 101 их, дээд сургууль, коллежид 173 мянга шахам оюутан суралцаж буйгийн 33 мянга нь төгсөж байна. Харин Засгийн газрын шугамаар гадаадад 395 оюутан суралцдаг. Дээд боловсрол, тусгай мэргэжлийн диплом өвөрлөсөн залуус Монголоор дүүрэн байгаа ч улсдаа хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа авч яваа нь хэд билээ. Дөнгөж төгссөн нь хөлөө олоогүй юмаа гэхэд 2011 оны 34 мянган төгсөгчдөөс 13 мянга гаруй нь ажлын байртай болсон гэсэн чамлалттай статистик дүн мэдээ байна. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг манай их, дээд сургуулиудын 80 хувь нь нийгэмд баялаг бүтээдэггүй салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг нь үүнд ихээхэн нөлөөлдөг.
Цалингаа чамласан ажилгүй залуус, эсвэл ажилдаа гологдсон дипломтой мэргэжилтнүүд гудамжинд лааз өшиглөж явна. Энэ нь ердөө нэг еэвэнгийн хоёр тал юм. Радио, телевизээр туслах тогооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтан, барилгын туслах ажилчин ажилд авна гэх зар тасралтгүй хөвөрдөг ч эрэлт, нийлүүлэлт нь хол зөрүүтэй байна. Үүнийг Нобелийн шагналт эдийн засагчид “эрлийн зөрчил” хэмээн томъёолсон нь санамсаргүй хэрэг биш. Хөдөлмөрийн зах зээлд ажил байнга эрсэн 40, 6 мянган хүн байхад эзнээ хүлээсэн 5000 ажлын байр тогтмол онгорхой байна.
Өнгөрсөн онд ерөнхий боловсролын дунд сургуулийн 11 дүгээр анги төгссөн 44,4 мянган сурагчдын 30,5 мянга нь их, дээд сургууль, коллежид элссэн бол энэ зун 43087 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тэд эхний даваагаа давах нь давж байна.
Монгол Улс ардын засгийн жилүүдэд бичиг үсэг үл мэдэх явдлыг бүх нийтээр устгасан үзүүлэлтээр ЮНЕСКО-д бүртгэгдэж байсан. Харин одоо дипломтой ажилгүйчүүдийнхээ тоогоор толгой цохих гэж үү. Социализмын үед В.И.Лениний “Сур сур бас дахин сур” гэсэн үг сургууль болгоны ханан дээр тодоос тод байсан бол зах зээлийн нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх нь хамгийн чухал болсон цаг. Иймээс энэ цаг дор мэргэжлээ оновчтой сонгож, ирээдүйн ажил амьдралаа зөв төлөвлөх нь шинэ зууны залуу хүний гол имижийг бүрдүүлнэ. Зохиогүй ромбо, диплом моодноос гарч байна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ