
Лондонгийн олимпийн бэлтгэлийн асуудлаар Казахстаны бөхийн холбоо ажлын уулзалт хийж тус уулзалтад сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багуудын дасгалжуулагч, мэргэжилтнүүд оролцжээ. Тус холбооны хүндэт ерөнхийлөгч Даулет Турлыханов хэлэхдээ “Манай бөхчүүд авах ёстой эрхээ авсан, одоо олимпийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх л үлдээд байна. Өнгөрсөн Бээжингийн олимпийн наадмаас манай бөхчүүд таван медаль авсан, энэ удаа Лондонд тэр амжилтаа тоо, чанарын хувьд ахиулна гэдэгт итгэж байна” гэж онцлон дурдсан аж.
Холбооны ерөнхийлөгч Серик Султангали ярихдаа “Манай дасгалжуулагчид, бөхчүүд гар нийлэмжтэй ажиллаж байна. Удирдлагын зүгээс санхүүгийн бүх асуудлыг зохицуулсан. Эх оронч үзэл бөхчүүдийн бэлтгэлийн гол хөшүүрэг байх ёстой. Олимпийн эрх авсан бөхчүүд олдсон боломжийг дээд зэргээр ашиглаж ямар ч өрсөлдөгчөөс айхгүй барилдаж ялалтын төлөө бүхнээ зориулах шаардлагатай. Олимпийн наадам гэдэг аливаа тамирчны хувьд сансарт нисэхээс ч илүү амьдралын чухал зааг байдаг. Манай холбооны удирдлага олимпиййн наадамд алтан медаль авсан бөхөд 100 мянган ам.доллар, мөнгөн медаль авсан бөхөд 50 мянган ам.доллар, хүрэл медаль авсан бөхөд 30 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэлээ. Энэ шагналыг улсаас олгодог мөнгөн урамшуулал дээр нэмж олгох юм шүү” гэжээ.
Казахстаны чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Алтай Танабаев “Манай чөлөөтийнхөн долоон эрх авсан, өндөр амжилт гаргахын төлөө бүхий л хүч чармайлтаа гаргах болно. Бид хоёр медаль, түүний дотор алтан медаль авах зорилго тавьж байна. 55 кг-ийн Даулет Ниязбеков, 60 кг-ийн Даурен Жумагазиев, 74 кг-ийн Абдулхаким Шапиев нарт их найдлага тавьж байна” гэсэн бол эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Еркин Телакынов “Манай бүсгүйчүүүд гурван эрхтэй, бид саяхан Япон улсад өндөр ууланд хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Бид бас хоёр медаль авахын төлөө явна, өнгөрсөн олимпийн хүрэл медальтны хувьд 63-ийн жингийн Елена Шалыгинад алтан медалийн төлөө тэмцэхийг үүрэг болгож байна” хэмээн өгүүлэв.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ