Хөгжил дэвшил мөхөл рүү хөтлөх үү

img

Дэлхийг дулааруулагч хүлэмжийн хийг юу үүсгэдэг вэ? Сүүлийн хоёр зуунд бий болсон үйлдвэрийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд эргэлтийн үе болсон. Техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнуудад амьдралын шинэ чанарыг бий болгож, хүн амын хүнс тэжээлийн хангамж эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хүний насыг уртасгасан байна. Гэвч энэ хувьсгал нь байгалийн нөөц баялгийг цөлмөх, хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг аюултай сөрөг үр дагаврыг үзүүлэх болсон. Өдгөө хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болох дэлхийн дулаарлыг үүсгэж буй гол шалтгаан нь, үйлдвэр, эрчим хүч, тээвэр, хоёрдугаарт мал аж ахуй эрхлэх явцад метан, азотын исэл, нүүрсхүчлийн хий ихээр үүсдэг. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийт хүлэмжийн хийн 40%- иас их хэсэг ялгарч байгаа нь дэлхийн нийт тээврийн хэрэгслүүд болох машин, галт тэрэг, онгоцноос ялгарч байгаа хүлэмжийн хийнээс ч их байна. Мал аж ахуйн салбар нь хүний үйл ажиллагаанаас үүдэн бий болсон азотын хийн ислийн 70%, метаны 37 %, СО2-ын  9%-ийг үүсгэдэг. Мөн аммиакийн хийн 64% нь ялгардаг. Дэлхийн дулаарлыг судалдаг бүх эрдэмтэд экологийн тэнцвэрийн доголдол нь дэлхийг сүйрэлд хүргэж болох юм гэж үздэг. Дээрх хоёр нөхцөл байдлыг судлан үзэж, шашины зарим урсгалууд махнаас татгалзахыг уриалж байхад, дэлхийн эрдэмтэд сэргээгдэх эрчим хүчний тухай хүчтэй ярьдаг. Хөгжил дэвшил мөхөл рүү хөтлөх нь Хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн хугацаанд мэдэгдэж байгаагаар 125,000 тонн алт олборложээ. Энэ тооны 90% нь  сүүлийн 150 жилд хамаарна. Мөн дэлхийн дулаарал нь сүүлийн 100 жилийн хугацаанд хурдацтай явагдсан. Бас сүүлийн зууны хагас гэхэд 37 халдварт өвчин бүртгэгдсэн байна. Байгаль орчноо сүйтгэн байж бүтээсэн бидний баялаг бидний ирээдүйг сүйтгэж байна. Тансаг сайхан амьдрал, техник технологийн хөгжлөө магтан дуулсаар байхдаа мөхөлдөө ойртож  буйгаа анзаарахгүй байсаар. Байгаль экологийн сүйрэл гэж бид нэрийдэх боловч үнэндээ хүний хязгааргүй шунал хүслээс үүссэн хүн төрөлхтний зүрх сэтгэл оюун ухааны мөхөл юм.  Байгаль эхийнхээ цус яс болсон ногоон давхарга, эрүүл сайхан хөрс, цус болсон гол горхи цэвэр усны нөөцийг шавхаж дуусчихаад, цэвэр агаар бэлэглэгч моддыг мөн л эдийн засгийн зорилгоор тайрч устгаж байна.Биднийг тээж буй дэлхий ээжийн хямрал сүйрэл, сая сая амьтны хорсол занал, цус яснаас бүтэж, түүгээр сольж авсан тансаг амьдрал, материаллаг үйлдвэрлэл бидэнд хэрэгтэй гэж үү? Өнөөдрөөр сэтгэвэл хэрэгтэй юм шиг санагдаж болох ч, ирэх өдрүүд чинь харамсал төрүүлэх вий. 2500 жилийн өмнө хорвоод залран ирж өөрийгөө ялж төгс нөгчсөн Бурхан багш Сиддахарта Гоутум үр нь ямар байна үр дүн нь яг тийм байна гэж номлосон байдаг. Байгаль эхийн сануулга Онгон байгалийн унаган төрхийг алдагдуулж, мөхөөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч, байгаль удаа дараа сануулга өгсөөр байна. Олон мянган хүний амийг хөнөөх хүчтэй хар шуурга, үер усны аюул, галуу шувуугаар дамжуулан ханиад дэгдээж, мөн цаашлаад муу ёрын үзэгдэл болж аалз, загас, хэрчигдсэн мах, мэлхийгээр бороо оруулсан. Түүгээр л үл барам цусан бороо оруулжээ. Колумб улсад 2008 оны 7-р сарын 30-нд аадар бороо орж байгаад гэнэт өнгө нь цусан улаан болон хувирсан байна. Энэ бороонд цус бүрдүүлэгч эс байсныг судлаачид тогтоожээ. Америкийн Нью-Жерси хотод 2009 оны нэгдүгээр  сарын 28-нд тэнгэрээс тоймгүй олон үхсэн хар шувууд унан газрыг бүрхсэн. Шоргоолж, царцаа, мэлхий зэрэг элдвийг ёрлон сануулсан үзэгдлүүд элбэгшсээр байгаа нь бурхны сануулга гэлтэй. Хүн төрөлхтнийг тээж буй эх үгүй болоход бид ч бас үгүй болно. Иймд ядаж өөрсдийнхөө хар амийг бодоод ч болов шархалсан газар нь эм түрхэх хэрэгтэй. Газрын хөрсийг хөндөхгүй байх, бүр болохгүй бол зохистой зөв нөхөн сэргээх  нь чухал.

Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ