Нөхөөс

img

Эцэг, эхчүүдийн нуруунд ачаа нэмж байдаг зүйлийн нэг бол их, дээд сургуулийн оюутны төлбөр. Оюутны дөрвөн жил гэдэг тэдний хувьд хатуухан хэлэхэд там. Хотынхон нь цалингийн зээл авч, зээлээ төлөх хүртлээ бүсээ чангална. Харин малчид нь хэдэн малаа барьцаанд тавьж, банкны мал маллана. Ялангуяа 2-3 хүүхдээ их, дээд сургуульд зэрэг сургаж байгаа эцэг, эх асар их дарамтад байдаг. Гэхдээ сургалтын төлбөрийг нь төлж чадахгүй юм чинь гээд хүүхдээ сургуульд явуулахгүй, хараад сууж байх эцэг,эх цөөн. Хүүхдээ бусдаас дутаачихгүй, заавал боловсролтой болгох юмсан хэмээн тэд зүтгэнэ. Төлбөрийг нь хэд хуваагаад ч болов өгөх гэж хичээнэ. Энэ хооронд хүүхэд нь төлбөрөө төл гэсэн "ташуур"-ын дор сэтгэлзүйн дарамттай тулгардаг. Жил бүрийн хичээлийн шинэ жилийг тэд "төлбөр хэд болсон бол" гэсэн айдастайгаар угтдаг нь нууц биш.Үүнтэй нь зэрэгцэн инфляцийн өсөлтөөс шалтгаалаад гэсэн үгээр түрүү барьсан их, дээд сургуулийн удирдлагууд ч төлбөрөө тодорхой хувиар нэмж орхидог. Харин энэ удаад оюутнуудын амралт дөнгөж эхэлж, хичээлийн ширээнээс өндийв үү үгүй сургалтын төлбөр нэмэх асуудал яригдаж эхэллээ. Тийм сургуулиудын нэг ШУТИС. Гэхдээ энэ удаад нөгөө инфляци гэсэн "лоозон"-гоо багш нарынхаа цалинг нэмэхийн тулд гэсэн шинэ "лоозон"-гоор сольжээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Тиймээс энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд төлбөрийг 36 хүртэл хувиар нэмнэ гэсэн албан бус шийдвэр гаргачихаад байгаа гэнэ. Үүнийгээ ч нийтэд зарлаад сургуулийн ректор нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Засгийн газрын шийдвэрийг мөрдөж байна, багш нарынхаа цалинг нэмэхийн тулд гэсэн шалтгаанаар оюутнуудын нуруунд ийнхүү ачаа үүрүүлж болно гэж үү. Уг нь тус сургуулийн багш нарын цалин тийм ч чамлахааргүй юм билээ л дээ. Цаашлаад "Манай улсад сургалтын төлбөр харин ч бага байна. Гадаадад хамгийн багадаа л сургалтын төлбөр хоёр мянган ам.доллар байдаг" хэмээн тэд биеэ өмөөрч сууна. Гэтэл манайхны сургуулиуд сургалтын төлбөртөө таарсан сургалт,  боловсролыг олгож чадаж байна уу гэдэг бодох л асуудал. Өнгөрсөн хоёр ч хичээлийн жилд оюутнуудын хонгилын үзүүр дэх гэрэл нь төрөөс олгох сургалтын төлбөр 500 мянга байсан. Гэтэл ирэх хичээлийн жилээс энэ мөнгөний амлалт байхгүй. Харин тэдний гар дээр ирж байгаа тэтгэлэг буюу 70 мянган төгрөг нь төлбөрийнхөө талыг ч болов төлөх гол эх үүсвэр болоод байсан. Харамсалтай нь энэхүү мөнгөний сургаар сургуулийн удирдлагууд хэдийнэ кредит цагийнхаа төлбөрийг нэмж "хариугаа авсан". Ингээд сэтгэл нь хансангүй шалтгаан биш шалтаг хайн дахин төлбөрөө нэмэхээр шийджээ. Уг нь салбарын сайд нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард сэтгүүлчидтэй "зангиагүй уулзалт" хийх үеэрээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг цаашид нэмэхгүй байх талаар бодлого барина гэж байсан санагдана.  Гэтэл оюутнуудаа амрав уу үгүй юу төлбөр нэмэх тухай ийнхүү ярьж эхлэх нь хэр зүйтэй юм бол БСШУ-ын сайд аа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ