Ди Маттео "Челси"-тэй гэрээ байгуулав

img

Хэд хоногийн өмнөөс тааварлаж байсанчлан 42 настай итали мэргэжилтэн Роберто Ди Маттео "Челси"-гийн дасгалжуулагчийн албанд томилогдлоо. Түүнтэй хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Өмнөх дасгалжуулагч Андре Виллаш Боашийг халагдсаны дараа түүний үүргийг туслах дасгалжуулагч Ди Маттео үргэлжлүүлэн хашихдаа ажлаа ягштал хийж, одоогоос сар гаруйхны өмнө УЕФА-гийн Аваргуудын лиг, Английн хөлбөмбөгийн холбооны цомуудыг багтаа авчирсан билээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт амарч яваад лхагва гаригт Лондонд эргэж иржээ. "Челси"-гийн дөрөвдэх итали дасгалжуулагч Ди Маттео (түүнээс өмнө Жанлука Виалли, Клаудио Раньери, Карло Анчелотти нарын италичууд тус багийг удирдаж байв) тэртээ 1996 онд "Лацио"-гоос баруун Лондоны багт тоглогчийн хувиар анх ирж, тэр улиралдаа Английн хөлбөмбөгийн холбооны цомын финалын эхний минутад гоол оруулсан түүхтэй. Тэрхүү тоглолтод "Челси" хожиж 26 жилийг ямар ч цомгүй үдсэн хар цувралаа дуусгажээ. Зургаахан жил тэнд тоглохдоо зургаан ч цомыг авчралцсан Ди Маттео ид гялалзах 31 насандаа гэмтлийн улмаас зодог тайлж байлаа. "Челси"-гийн төлөө 175 тоглолтод оролцож 26 гоол хийсэн аж. Харин ноднингоос туслах дасгалжуулагчийн хувиар багтаа буцан иржээ. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ