Гэр бүлийн хөгжилд саад болж буй асуудлыг авч хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “ Манай ард түмэн “Бие хүн –өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм” гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. “Гэр бүл- Нийгмийн хөгжил” үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлж байна. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ