
Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14 өдөр тэмдэглэдэг. Энэ өдөр цусны доноруудыг алдаршуулдаг бөгөөд О-1,А-2, В-3,АВ-4 гэсэн дөрвөн бүлгийг нээсэн Нобелийн шагналт эрдэмтэн Карл Ландаштейнерийн мөнхжүүлэхээр төрсөн өдрийг сонгон авчээ.Энэхүү тэмдэглэлт өдрийг манай улс "Цусаа өгдөг донор бүр баатар мөн" уриан дор тэмдэглэж, өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн УДЭТ-ын өмнөх талбайд талархлын өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотод 12 литрээс дээш, 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 24 донорыг МУЗН-ийн "Хүндэт донор" цол тэмдэгээр, 43 хүнийг "Энэрэнгүй донор"-оор, "Ачтан донор" болзыг хангасан 21 хүнийг шагнаж, урамшуулсан юм.
Манай улсын хэмжээнд 2011 оны байдлаар 80 мянга орчим донор бүртгэгдсэн байдаг ч нэг жилд 20 мянган донор цусаа бэлэглэдэг нь хүн амын тоо болон өвчлөлийн байдалтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан. Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд улсын хэмжээнд 20700 донор цусаа өгч, нийт 10 төрлийн 57600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Одоо дэлхий дээр 62 орны цусны алба сайн дурын авлагагүй донорын тогтолцоотой. Бусад нь төрөл төрөгсөд болон төлбөртэй донороос хамааралтай байгаа юм. Монгол Улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй тогтолцоонд шилжжээ. Энэхүү өдөрлөгийн үеэр доноруудтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-Хүндэт донор М.Сосорбарам: Би 38 литр цусаа өгсөн
-Юуны өмнө таньд Дэлхийн донорын өдрийн баярын мэнд хүргэе.Та хэдэн оноос хойш бусдад цусаа бэлэглэж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг цусны донорын өдрийг өнөөдөр амжилттай зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд манай донорын холбоо оролцож байгаа. Би өөрөө Монголын донорын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. 1980 оноос, оюутан байхаасаа эхлээд цусаа өгсөн.
-Нийт хэчнээн литр цус өгөв?
-Нийтдээ 80 удаагийн өгөлтөөр 38 литр цус өгсөн. Цөөнгүй хүний амийг аварсан гэж боддог. Нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амийг авардаг гэдэг дээ.Энэ бол хүнлэг энэрэнгүй, буянтай үйлс. Тиймээс энэ үйлсээрээ би бахархдаг.
-Танай донорын холбоо сүүлийн үед ямар ажлуудыг зохион байгуулж байна?
- Сүүлийн үед манай донорын холбоо томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Донорын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад би нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт орж ажиллаа. Доноруудын нийгмийн болон эрүүл мэнд, шагнал урамшуулалын асуудлыг төрийн бодлогод тусгуулахад саналаа нэмэрлэж, энэ асуудлууд маань хуулинд тусгагдаж өгсөн.Энэ бүхэн миний донор болсны ач гавьяа гэж бодож байна.
-Цусаа өгсөн хүмүүст тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Үүнийг сүүлийн үед өгөхөө больсон нь цусаа өгөх хүмүүсийн тоог цөөрүүлж байгаатай та санал нийлэх үү?
-Энэ их чухал асуудал. Би УИХ-ын чуулган дээр энэ асуудлыг яриад унаж байсан.Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжид донорыг хоолоор хангах асуудал бий. Тийм учраас манай улс дэлхий нийтээрээ мөрдөж байгаа хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Гэвч үүнийг мөрдөхгүй байгаа нь гажуудал юм. Монгол Улсын Донорын тухай хуулинд "Донорын алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээнэ" гэж заалт бий. Цусаа өгсөн үед нь халуун хоолоор үйлчилж, алдагдсан эрч хүчийг нөхөн богино хугацаанд сэргээх ёстой байдаг.
Донор Х.Төмөрсүх: Манай гэр бүлд гурван донор бий
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Намайг Х.Төмөрсүх гэдэг. "Талх чихэр" ХХК-д ажилладаг. Би 14 дэх жилдээ цусаа бэлэглэж байна
-Ингэхэд донор хүн ямар байх ёстой вэ. Танай гэр бүлд таниас өөр донор бий юу?
-Донор хүн маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа учраас өөрөө эрүүл байж, хоол ундаа хүртэл зөв зохицуулж идэж байх ёстой байдаг. Манай гэр бүлд гурван донор бий. Мөн аав, ээж донор байсан.
-Донор байхын хэцүү зүйл нь юу вэ?
-Хэцүү гэхээсээ илүү. Доноруудын нийгмийн асуудлыг сайжруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Сая доноруудын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл доноруудад үйлчлэх тийм ч нөлөөтэй хууль болж чадсангүй. Энэ дээр төр засаг минь анхаараасай гэж бодож байна.










Сурвалжлагч Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ