
Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 1-нийг тохиолдуулан ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Оюуны дархлаа ТББ-аас сонины сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг энэ сарын 20-наас ирэх арваннэгдүгээр сарын 25-ны хугацаанд зарлажээ.
Уралдаанд оролцох бүтээл нь ХДХВ ба ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, нэгэнт халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх хүмүүнлэг, иргэний зарчмыг баримтласан байх шаардлагатай.
Түүнчлэн ХДХВ ба ДОХ-ийн талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх.
Мөн ХДХВ ба ДОХ-ын асуудалд хүний эрхийн үүднээс хэрхэн яаж хандах, хууль эрх зүйн хувьд ямар асуудлыг тусгах зэрэг асуудлыг хөндсөн байх ёстой юм байна.
Уралдаанд оролцогч нь дээрх сэдвээр 2-оос доошгүй бүтээл бичиж, нийтлүүлсэн байх бөгөөд шалгарсан бүтээлийг дор дурдсан байр эзлүүлж урамшуулна.
Нэгдүгээр байр 1 өргөмжлөл 300.000 төгрөг
Хоёрдугаар байр 2 өргөмжлөл 200.000 төгрөг
Гуравдугаар байр 3 өргөмжлөл 100.000 төгрөг
Тусгай шагнал 5 өргөмжлөл Үнэ бүхий зүйл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ